Цаг хугацаа үнэний гэрч!

Засгийн газраас авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлэхээр “5Ш ажиллагаа”-г эхлүүлэхээ зарласан нь 2023 оны хоёрдугаар сар. Шувуу, Шүүр, Шил, Шүгэл, Шилжүүлэн авах зэрэг таван багц бодлогыг Засгийн түвшинд баталсан даруйд жадлан эсэргүүцэх гэхээсээ элэглэж, егөөдөх хэсэг олон байв. Ялангуяа улс төр, нийгмийн уур амьсгал бүхэлдээ Ерөнхий сайд руу чиглэж байсан түүхтэй. Магадгүй бүх шатанд авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлж, өргөжүүлэх үндсэн агуулга нь бус ердөө л оноосон нэрнээсээ болсон байж мэднэ. Гэхдээ л эл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээр Төр өөрөө өөртөө цэвэрлэгээ хийж сууриа тавьсан нь маргашгүй үнэн юм. Угаас Төр хаана байна тэнд авлига оршиж, бугшдаг нь туйлын үнэн. Төр өөрөө л бодлогын түвшинд үүнтэйгээ тэмцдэггүй л юм бол хэн нэг гарч ирээд өргөс авсан юм шиг баллуурдахгүй нь өөр нэгэн үнэн. 

Гагцхүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын бас Засгийн тэргүүний хувиар авлигатай хийх тэмцлийг тунхаг төдийхнөөр биш том зорилтын хүрээнд гол нь Төрийн түвшинд эхлүүлсэн нь хувь улстөрч талаасаа гал дуудсан агуулга байв. Авлигатай тэмцэх нь Засгийн газрын нэн тэргүүний онцгой үүрэг ч Хөгжлийн банк, нүүрсний хулгай тэргүүтэй бүлэглэл дамнасан эрх ашгийн эсрэг тэмцлийг “5Ш ажиллагаа”-гаар өргөжүүлсэн нь улс төрийн уур амьсгал талаасаа амаргүй нь тодорхой. Гаднаас ч, дотроос ч эсэргүүцэх хүн олон. Гэвч хийвэл бүү ай гэгчээр “5Ш ажиллагаа” бүх шатанд хэрэгжиж, хэрэгжүүлсэн нь саяхан. 

Лав л нэгэн цагт МАН-ын нууц ноёнтон явсан ч хилийн чинад руу оргож, бусгасан Т.Бадамжунайг Филиппинийн хуулийн байгууллагатай хамтарч эх оронд нь шилжүүлэн авчирсан. “Шил” ажиллагааны хүрээнд гэхэд Засгийн газрын тусгай сангууд, Төрийн өмчийн компаниуд тэдгээрийн ТУЗ-ийн гишүүд, газар олголт гээд саяхныг хүртэл бараг л нууцын зэрэглэлтэй явсан олон мянган мэдээллийг нээлттэй байршуулснаар иргэдийн мэдэх эрхийг хангасан. Хэн гэдэг Засаг даргын үед хэчнээн га газрыг хаана, хэрхэн олгосон нь ч ил боллоо.

Угтаа бол хэзээнээсээ л олон нийтийн нүдэнд ил байх ёстой, хүссэн үедээ ороод харах боломжтой байдлаар байршуулах учиртай мэдээллүүд. Эсрэгээрээ төдийгөөс өдий хүртэл хав дарж ирсний бодит хариулт нь ерөөс авлига, албан тушаалын гэмт хэрэг бугшиж, бугласны илрэл цоожтой хаалга, хаалттай мэдээллийн ард байсан хэрэг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн манлайлал үзүүлж “5Ш ажиллагаа” хэрэгжүүлсэн нь “бай”-ндаа тусч эхэлснийг дээр дурдсан хэдхэн жишээнээс харж болно.

Саяхандаа, ердөө хоёр хоногийн өмнөхөн. “Трансперенси интернешнл”-ээс 2024 оны Авлигын төсөөллийн индексийг танилцууллаа. Үүгээр Монгол Улс 33 оноо авч дэлхийн 180 орноос 114 дүгээрт эрэмбэлэгджээ. Өнгөрсөн жилийнхээс долоон байр урагшилсан үзүүлэлт. 2019 оноос үргэлж ухарч явсантай харьцуулахад авлигын эсрэг тэмцэл хөрсөн дээрээ бууж эхэлсний дохио. 2023 оноос “5Ш ажиллагаа”-г эхлүүлж хоёр жилийн турш тасралтгүй хэрэгжүүлсний бодит үр дүн. Үүн дээр Хөгжлийн банк, нүүрсний хулгай тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг тойрсон асуудал ч хамаарна.  

Амжилт уу гэвэл мэдээж амжилт. Хэрэвзээ “5Ш ажиллагаа”-г эхлүүлээгүй, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлээгүй бол 2019 оноос эхтэй ухралт үргэлжлэх байсныг үгүйсгэхгүй. Гол нь хийсэн үү, хийсэн, хэрэгжүүлсэн үү, хэрэгжүүлсэн. Одоо ч эл ажиллагаа үргэлжилж байна. Гэхдээ авлигын эсрэг хийх Л.Оюун-Эрдэнийн тэмцэл зөвхөн “5Ш ажиллагаа”-нд найдвар тээж, ач холбогдол өгснөөр хязгаарлагдах уу гэвэл үгүй. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслөөр үргэлжилнэ. Бүхэлдээ Төрийн өмчит компаниуд руу чиглэсэн төслийн агуулгаар OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй тохиолдолд нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах нь хуулийн гол онцлог. Ингэснээр бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулахаас гадна Төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулах юм.

Эсрэгээрээ үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүйг олон улсын засаглалын зарчимд нийцүүлэх нь хуулийн төслийн бас нэгэн зорилт. Төрийн өмчийн компанийн засаглалыг олон улсын зарчим руу шилжүүлэх нь авлигатай хийх хамгийн бодитой мөн өгөөжтэй тэмцэл мөн үү мэдээж тийм. Хэдий чинээ олон улсын засаглалд шилжинэ төдий чинээ үйл ажиллагаа, санхүүгийн зарцуулалт нь нээлттэй, шилэн болох учраас. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө биечлэн өргөн мэдүүлж, чуулганы индрээс танилцуулга хийсэн Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах агуулгатай хуулийн төсөл “5Ш ажиллагаа”-ны араас хийж буй авлигын эсрэг хоёр дахь том давалгаа байж мэднэ. 

Саяхан л агуулга бус нэрийг нь тойрч ёжилж, егөөдөж асан “5Ш ажиллагаа” хоёр жилийн дараа бодит үр дүнгээ өгсний хариулт нь долоон байр урагшилсан үзүүлэлт. Чамлахаар чанга атга гэж үг бий. Үүнтэй агаар нэг Төр өөрийн өмчийг олон улсын засаглалд нийцүүлэхээр Ерөнхий сайдын түвшинд улс төрийн манлайлал үзүүлж буй нь сайны дохио. Үнэхээр Төрийн өмчит компаниудаа олон улсын засаглалд нийцсэн, үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод болгож чадвал авлигын эсрэг тэмцэлд том нэмэр болно гэхээс нэрмээс болохгүй. Тэр цагт Ерөнхий сайдын хүсээд байгаачлан авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах нь цаг хугацааны л асуудал. Эцсийн дүндээ цаг хугацаа үнэний гэрч.

Г.Эрхэс