О.Алтангэрэл: УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийхдээ “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үйлдвэр, худалдааны сайд, “Энержи ресурс” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал нар 2008 оны гуравдугаар сарын 21-ний өдөр гарын үсэг зурсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээ” гэх баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий орд газрын  төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоосон агуулгатай байгаа нь хуульд заасан УИХ-ын шийдвэрлэх эрхэд халдсан, хууль бус шийдвэр болсон гэсэн дүгнэлт гаргалаа” гэж хэллээ.