Д.Амарбаясгалан: Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг учраас МАН-ын даргад өрсөлдөнө
Үндэсний баялгийн санг арвижуулах ээлжит нүүдэл: 479.1 тэрбум мөрөөр...
“Төгрөг нуур”-ыг Төр буцаан аваад удаагүй буйтай зэрэгцэн Засгийн газраас бас нэгэн шийдвэр гаргасан нь Төмөртэйн овооны цайрын орд болов. Төрийн хөрөнгөөр хайгуул хийж, 1990 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн эл орд өнөөг хүртэл хувийн хэвшилд тэр дундаа хэдхэн хүний халаасанд явсан ч ийнхүү Төрд буцан ирээд зогсохгүй Үндэсний баялгийн санд дэм болох нь. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт оршдог Төмөртэйн овооны цайрын орд нь 7.6 сая гаруй тн хүдрийн нөөцтэй. УИХ-ын баталсан тогтоолын хүрээнд стратегийн ач холбогдол бүхий 16 ордын нэгд хамаардаг.
1975-1979 онд улсын төсвийн 571 мянган ам.долларын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байжээ. Харин 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 ортой цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, ДГ-72 маркийн гурван агрегат бүхий цахилгаан станц, 10 машины граж, 1 км орчим урттай эрчим хүчний шугам зэрэг бүтээн байгуулалт хийсэн нь өнөөгийн өртгөөр 31.5 тэрбум төгрөг болохоор байгаа юм.
Хятадын нэр бүхий корпорацийн 1995 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тус ордоос жилд 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, 18.5 сая ам.долларын бүтээгдэхүүн боловсруулж, 6.2 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 45.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж тооцоолжээ.
Хачирхалтай нь, эдийн засгийн хувьд ийм өндөр ашигтай ордыг 1995 оноос “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлагууд БНХАУ-ын нэр бүхий компанитай хамтран ашиглах асуудлаар хэлэлцээ хийж байсан ч онголын талын эрх бүхий албан тушаалтнууд тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлжээ.
Ингэхдээ “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газар ордын тусгай зөвшөөрлийг “Метал импекс” ХХК-д 1997 онд шилжүүлжээ. Дараа жил нь “Метал импекс” ХХК нь Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төслийн компанитай хамтарч “Цайрт минерал” ХХК-ийг байгуулж, Төмөртэйн овооны ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна. Улмаар “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, үйлдвэрийн дарга, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны ажилтан болон АМГТХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан хүмүүс тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 4.3, Эрүүгийн хуулийн 4.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.2-ийг тус тус зөрчсөн байж болзошгүй гэж үзсэнээр хууль, хяналтын байгууллаар шалгуулах нь үндэслэл үүссэн бололтой.
Учир нь, “Цайрт минерал” ХХК нь улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан 571 мянган ам.долларын зардлыг нөхөн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын тогтоолыг зөрчиж, төлбөрийн хэмжээг 434.936 ам.доллараар бууруулсан болохыг 2007 онд Үндэсний аудитын газар тогтоож байжээ. Хамгийн сонирхолтой нь, “Цайрт минерал”-ын хувь эзэмшигчид 2007 оны нэгдүгээр сараас ногдол ашиг хүртэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нэр бүхий таван иргэн нийтдээ 107.1 сая ам.доллар, 94.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг авчээ. Ойролцоогоор 385.1 тэрбум, авсан ногдол ашиг дээр нэмж тооцвол нийтдээ 479.1 тэрбум гаруй төгрөг болно.
Үндсэндээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газарт хэн хэрхэн, яаж хувьд шилжүүлсэн, энэ хооронд хуулийн зөрчил бий эсэхийг нягтлах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан нь ийнхүү хэд хэдэн ордын ард нуугдсан ашиг сонирхлын олсны үзүүрээс атгаж эхэллээ.
Ямартай ч, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн Монгол Улсын нэр бүхий иргэдийн эзэмшилд байгаа 50 хувийн хувьцааг хуульд нийцүүлэн шилжүүлэх замаар “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулж, ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгаад байна.
С.Сүлд









