Д.Амарбаясгалан: Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг учраас МАН-ын даргад өрсөлдөнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "2022 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг би МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа санаачилсан. Зорилго маань 2 их гүрний дунд орших ардчилсан Монгол Улсын парламентын засаглалын дархлааг улам нэмэх том зорилго агуулж, энэ өөрчлөлтийн төлөө явсан. МАН хэдийгээр дараалсан үнэмлэхүй ялалт байгуулж, дангаар засгийн эрх барьж байсан ч нэг намын дарангуйлал тогтох эрсдэлээс урьдчилан сэргийлж, парламентад олон намын оролцоог хангах зорилго агуулж байсан.

Өнөөдрийн парламент дахь улс төрийн намуудын инститүжсэн байдлыг баталгаажуулахын төлөө парламентын зүгээс бүрэн дэмжиж ажиллаж байна. Өнгөрсөн хавар, намрын чуулганд маш олон хууль, тогоолын төсөл шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт хийн, анхдагч хууль хэлэлцэн баталлаа.  

Намрын чуулганаар УИХ таван гол зүйлд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, Монгол төрийн данхайсан бүтцийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Социализмын үеэс эхлэлтэй данхайсан бүтэц нийгмийн асуудал боллоо. Олон яам, агентлаг, Төрийн болон орон нутгийн өмчит компанитай болсон. Энэ нь Монгол Төрийн маш том сул тал болсон. Төрийн бүтцийн дахин инженерчлэлийг хийх шаардлага тулгарч байна. Намрын чуулган энэ асуудалд анхаарал хандуулна.

Хоёрдугаарт, Төрийн процессын дахин инженерчлэлийг хаврын чуулганаар баталсан. Засгийн газарт тогтоолоор үүрэг өгсөн. Хэдэн мянган давхардсан, ард түмэнд хүндрэл үүсгэж байгаа процессын дахин инженерчлэлийг бодитой ажил хэрэг болгохын төлөө Засгийн газарт хяналт, шаардлага тавьж ажиллана.

Гуравдугаарт, Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Монгол Улсад авлига хүнд суртлын суурь болсон олон мянган дүрэм журмыг хуульд шингээх энэ зорилгыг агуулсан. Монгол Улсад өнөөдөр нийтлэг харилцааг зохицуулж байгаа 350 орчим хууль, 2768 журам байна. Нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, 70 хувийг дүрэм журмаар зохицуулж байгаа энэ харилцаа нийгмийн тэгш бус байдлыг хөрөнгө чинээтэй, эрх мэдэлтэй хүмүүст илүү боломж олгох нөхцлийг бүрдүүлсэн. Ирэх оны тавдугаар сар гэхэд 2768 хэм хэмжээ тогтоож байгаа журмыг хуульд шингээнэ. Хууль нь өөрөө иж бүрэн зохицуулалтаа хийж чаддаг болох тэр нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарна.

Дөрөвдүгээрт, Татварын багц хуультай холбоотой асуудлыг ярина. Бизнес эрхлэгчид, олон нийтийн зүгээс санал гомдол гаргадаг. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулсан төслийг харлаа. Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа хэмжээний томоохон өөрчлөлт хийж чадахааргүй төсөл явж байна.

Татварын хуульд одоо косметик засвар хийснээр бизнес эрхлэгчид болоод ард иргэдэд дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх боломж хангалттай бүрдэхгүй. Монгол Улсад өнөөдөр татварын реформ хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх хэрэгтэй.

Монгол Улс татвараар орлогоо бүрдүлж, бүрдүүлсэн орлогоороо зардлаа гаргадаг ганцхан аргачлалтай. Гэтэл өндөр хөгжилтэй орны жишээг харахад татварыг юуны төлөө авдаг, хөнгөлдөг, ямар учраас бизнесийг дэмжих зорилгоор татварын бодлого хэрэгжүүлдэг юм бэ гэдэг нь маш тодорхой байна. Казахстан улсад илүү их баялаг бүтээж, илүү их хөдөлмөрлөж байгаа бизнес эрхлэгч, иргэндээ илүү их хөнгөлөлт боломж үзүүлж байна.

Бизнес эрхлэгчид хувийн хэвшлээрээ эдийн засгаа тэлэх бодлогыг амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад ялгавартай хандахгүйгээр адилхан эрх тэгш боломжийг олгож, олон талын дэмжлэг үзүүлснээр Казахстан улсын эдийн засаг төрөөс үл хамаралтайгаар тэлж чадаж байгаа сайн жишгийг нэвтрүүлэх ёстой. Татварын хуульд нэмэлт, өөрчлөлт биш реформ хийх санаачилга гаргана.

Тавдугаарт, нийгмийн даатгалын тогтолцоотой холбоотой асуудал олон жил ярьж ирлээ. Нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа учраас шимтгэлийн хувь хэмжээг бууруулах боломжгүй, нөгөө талдаа тэтгэврийг нэмэх боломжгүй гэж үе үеийн Засгийн газар үзэж ирсэн. Гэхдээ Монголоос бусад улс орон хувийн нэрийн данстай болсон. Нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлж чадахгүй байгаа сул талыг намрын чуулганаар хэлэлцэж өөрчилнө. Засгийн газраас боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг үзсэн. Хаврын чуулганаар өргөн барих гэхэд нь хүлээж аваагүй. Аваагүй шалтгаан нь төслийн үндсэн зорилго нь өнөөдрийн байгаа Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг байхгүй болгох зорилго агуулсан. Иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, хуримтлалын нэгдсэн сантай болох тогтолцоог бий болгооч ээ гэдэг шаардлага тавьж байгаа.

Иргэдийн хүсэлт ийм байхад бид өргөн мэдүүлэх гэж байгаа  төслийн хүрээнд хэлэлцвэл төр иргэдээ мэдрээгүй, нийгмийнхээ хэрэгцээг хангаагүй хууль хэлэлцэж батлах нөхцөл рүү явна. Тиймээс УИХ эдгээр таван асуудал дээр төвлөрч ажиллана" гэлээ.

Мөн тэрбээр "Монголын асуудал Монголын Төр өөрөө болсон байна. Ард түмний зовлон төр өөрөө болсон байна. Парламентад суудалтай таван нам зөвшилцлийг өндөр төвшинд хийж, Төрийн сул тал, дутагдал болж ард түмний шүүмжлэлд өртөж байгаа тэр бүхнийг засч залруулахын төлөө ажиллах ёстой. Улс төрийн нам амьд организм. Дэлхий нийтийн өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч, өөрсдөө өөрчлөгдөж чаддаг байж нам амьд оршин тогтнодог. Ингэж байж ард түмний дэмжлэг авч чаддаг.

Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг. Хууль засагладаг эрхзүйт төртэй байх ёстой. Үүний төлөө улс төрийн нам бүр үе үеийн сонгууль, үеийн үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн. Хоёр их гүрний дунд оршиж байгаа ардчилсан Монгол Улс ардчилсан парламентын дархлааг улам бүр баталгажуулж явах ёстой. Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бид улам бүр цогцлоон хөгжүүлэх ёстой. Тэр бол УИХ-ын, Монголын Mөрийн зорилго байх ёстой.

Тиймээс 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалах, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд, сонгогчдын өмнө амласан том амлалтыг биелүүлэх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэт үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсныхаа төлөө МАН-ын даргын сонгуульд нэр дэвшиж оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.