Д.Амарбаясгалан: Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг учраас МАН-ын даргад өрсөлдөнө
Б.Баасандорж: 2024 оны парламент албар бүрийн мэргэжилтнүүд бүрэлдэхүүнд нь багтснаараа онцлог
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Байнгын ажиллагаатай парламентын ажлын алба: Төрийн ардчилсан институц болох төрийн эрх барих дээд байгууллагын ой санамж-ажлын албаны түүхэн хөгжил, зорилго, зорилт” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлийнхээ эхэнд байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлээд Монгол оронд парламентат ёс үүсэж, төлөвшсөн хийгээд түүний цаашдын хандлага нь хөгжлийн зүй тогтол, үүх түүхтэй бөгөөд өмнөх болон өдгөө, ирээдүй цагийн түүхэн үйл явц болно гэдгийг тодотголоо.
Улсын Бага Хурлын даргын 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4 тоот захирамжаар парламентын Тамгын газрыг байгуулсныг дурдаад уг захирамжид заасны дагуу Улсын Бага Хурлын Тамгын газрын бүтэц, орон тоог нийт 56 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор профессор Бяраагийн Чимид Улсын Бага Хурлын ажлын албаны нарийн бичгийн дарга буюу байнгын ажиллагаатай парламентын ажлын албаны анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан. Байнгын ажиллагаатай парламентын анхны аппаратын бүрэлдэхүүний 70 гаруй хувь нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газраас бүрэлдэн, хууль тогтоох байгууллагын залгамж чанарыг уламжлан үргэлжлүүлсэн. Дийлэнх нь олон жил Тамгын газартаа ажиллаж ахмад болсны сацуу одоо хүртэл ажиллаж байгааг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэж байлаа.
Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын онцлогийн талаар дурдлаа.
Тухайлбал, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын эхний 12 жил буюу 1992-2004 он бол Улсын Бага Хурлын бүрэн эрхийн 2 жилийн хугацаандаа эхлэлийг нь тавьсан эрх зүйн шинэчлэлийн нүсэр ажлыг нугалж, өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсын шинэ үеийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлж чадсан том ололттой түүхэн цаг хугацаа байсан. Энэхүү нүсэр ажлын ачааны хүндийг байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрын үе үеийн бүрэлдэхүүн нэгж эд, эс бүрээрээ үүрэн гарч, тэр хэмжээгээр чадавхжин бэхжиж байсан нь үнэн гэлээ.
Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын хоёр дахь 12 жилийн онцлогийгн тухайд Улсын Их Хурлын 2004-2016 оны хугацаанд хамаарах парламентууд нь Монгол Улсын эрх зүйн системийг чанаржуулахад чиглэж байсан гэж байлаа.
Түүнчлэн 2016 оноос эхлэн өнөөдөр бид Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн цаг хугацааны гурав дахь 12 жилийн мөчлөгийг туулж байгааг тэрбээр дурдаад энэ үеийн онцлог нь Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулиар хувиарласан төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч төрийн тогтолцоог эрх зүйт төрийн мөн чанарт нийцүүлэх, хууль тогтоомжийг үндсэн зорилгод нь хүргэж, нийгэм дэх асуудал, бэрхшээлийг бодитоор арилгаж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн их эрэл хайгуулын жилүүдийг туулж байна хэмээн тодорхойлов.
Монгол Улсын Их Хурлын төлөөллийн чанарыг нэмэгдүүлж, гишүүдийн тоог 126-д хүргэж, сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд оруулж чадсанаар Монгол Улсын парламентад салбар бүрийн өндөр мэргэшсэн чадамжтан орж ирэх боломж бүрдсэн. Энэхүү өөрчлөлт үр дүнгээ өгч 2024 оны парламент олон нам, эвслийн төлөөллөөс бүрдсэний дээр мэргэшсэн улстөрчид, дотоод гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн салбар бүрийн мэргэжилтнүүд бүрэлдэхүүнд нь багтснаараа нэн онцлог гэдгийг тэмдэглэсэн.
Өөрчлөгдөн байгуулагдсан парламентын хэрэгцээ, шаардлага, ажлын арга барил өмнөх парламентуудаас эрс өөр байсан онцлогт Тамгын газар нийцэж ажиллах хэрэгцээ, шаардлага ч үүссэн нь байнгын ажиллагаатай парламент болон түүний Тамгын газрын түүхийн шинэ хуудсыг нээснээрээ онцлогтойг Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж илтгэлдээ дурдсан.








