Д.Лүндээжанцан: Байнгын ажиллагаатай парламентыг 1990 оноос эхэлсэн гэж үзэж болохгүй

“Парламентын залгамж холбоо” байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн хүрээнд болж буй  эрдэм шинжилгээний хурлын эхний илтгэлийг Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүн асан Д.Лүндээжанцан “Парламентын 35 жилийн сорилт, сургамж” сэдвээр танилцуулав.

Тэрбээр, одоогоос 35 жилийн өмнө энэ өдрүүдэд 13-ны өдрийн чуулганы хуралдаандаа бэлтгээд Улсын Бага Хурлын гишүүд ямар тангараг өргөх вэ гэдгийг хэлэлцэж байсан бол өнөөдөр Байнгын ажиллагаатай парламентын ололт амжилт, сургамжийн талаар илтгэл тавихаар болж байгаадаа талархаж байна гэв.

Мөн Монгол Улс парламентын уламжлалтай орон гэдгийг тодотгоод байнгын ажиллагаатай парламентыг 1990 оноос эхэлсэн гэж үзэж болохгүй гэж байлаа.

Тус илтгэлд парламентат ёсны угтал үед Монголын нэгдсэн төр улсаас Олноо өргөгдсөн Монгол Улс хүртэл хамааруулахын зэрэгцээ Хүннү Сянбигаас өмнө төр улс байж хуралдаан хийдэг байсныг онцлохын зэрэгцээ Монголын нэгдсэн төр улсын Их хуралдай үндсэндээ парламентын шинжийг агуулж байсан хэмээн дурдсан байв.

Мөн тэрбээр 1924-1990 онд парламентат ёс хэлбэрээ олж, эхлэл нь тавигдсан гэсэн бол 1990 оноос хойш  парламентат ёсны төлөвшлийн үе гэж авч үзэх ёстой гэж байлаа.

Түүнчлэн илтгэлд 1990 онд ажилласан Улсын Бага Хурал нь парламентат ёсны төлөвшлийн суурь, үндсийг тавьсан анхны парламент. Улсын Бага Хурал үйл ажиллагаандаа төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй байх, ардчиллын суурь зарчим бодитойгоор хэрэгжих, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмаар төрийн дээд байгууллагууд ажиллах, ардчилал, хүний эрх, эрх чөлөө хамгаалагдсан байх, хууль дээдлэх, төр засгийн аливаа дур зорго хязгаарлагдах зэрэг парламентат ёсны үндсэн зарчмуудыг хэрэгжүүлж чадсан хэмээн дурдсан байв.

Төр улсаа парламент, Засгийн газар, шүүхтэй нь нийт иргэн, иргэний нийгэмтэй нь нэгэн гэр бүл хэмээвээс төрийн эрх мэдэл хуваарилахуй нь гишүүдийнх нь хоорондын харилцааны дүрэм журам юм. Харин Үндсэн хуульт ёс, ардчилал, иргэний нийгэм, хууль дээдлэхүй нь шүтэн барилдахуйн үндэс болно. Ардчилал үгүй бол Үндсэн хуульт ёс, эрх мэдлийн хуваарилалт үгүй, эрх мэдлийн хуваарилалт үгүй бол хүний эрх, эрх чөлөө баталгаагүй, иргэний нийгэм төлөвшөөгүй бол ардчилал төгс бус болох тул өнгөрсөн хугацаанд бартаат замыг туулж олсон ардчиллаа төгөлдөржүүлэхэд Монголын парламентын үйл ажиллагаа чиглэх учиртай гэдгийг илтгэгч онцлон тэмдэглэлээ.