Д.Бумдарь: Жендерийн тэгш байдлын дундаж үзүүлэлтийг ахиулж дэлхийн дундаж руу ойртсон

Эрдэм шинжилгээний хурал Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Бумдарийн “Парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл” сэдвийн илтгэлээр үргэлжилэв.

Тус илтгэлд шийдвэр гаргах түвшинд буюу монголын улс төрийн тогтолцоонд эмэгтэй улстөрчид, ялангуяа Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн манлайлал парламентын 35 жилийн хугацаанд хэрхэн өрнөсөн талаар хөндсөн байлаа.

2024 оны 4  дүгээр сард Олон улсын парламентын холбооноос тогтоосон парламент дахь эмэгтэйчүүдийн оролцооны түвшнээр  Монгол Улс 190 улсаас 129 дүгээр байранд бичигдэж байсан бол 2024 оны сонгуулиар 32 эмэгтэй гишүүн тангараг өргөснөөр 27-30 байраар урагшилж, Азидаа жендерийн тэгш байдлын дундаж үзүүлэлтийг ахиулж 26.9 хувь буюу дэлхийн дундаж руу ойртсон гэдгийг тус илтгэлд дурдсан байлаа.

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд яагаад байх шаардлагатай талаар тэрбээр дэлгэрэнгүй тайлбарласныг доорх зурагнаас танилцана уу.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг хэрхэн оролцуулж байсан талаар мэдээлэхдээ, Улсын Бага Хурлыг байгуулахад 50 гишүүний хоёр нь эмэгтэй байсан бол 1992 оны Улсын Их Хуралд гурав болж нэмэгдэж, энэ үзүүлэлт цаашид  тогтвортой өсөж, 2024 оны парламентад 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Гэхдээ энэ хүртлэх зам амаргүй байсныг доктор, дэд профессор Д.Бумдарь илтгэлдээ онцлон тэмдэглэсэн юм.