201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ
П.Сайнзориг: Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлнэ
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.7 дахь заалтад заасны дагуу "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан гаргасан санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд ирүүлснийг хэлэлцэн, Байнгын, дэд хорооноос гаргасан саналыг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгаж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн гэж байлаа.
Тогтоолын төсөл батлагдсанаар хүүхэд хамгаалал, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрх, мэдээлэл авах эрх, хүний эрх хамгаалагчийн эрхийн баталгаа, жендэрийн эрх тэгш байдал зэрэг асуудлаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, төрийн байгууллагын уялдаа, хариуцлагыг сайжруулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Түүнчлэн тогтоолын хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг хавсралтаар баталснаар хэрэгжилтийн үр дүнг бодитой үнэлэх, хяналт-шинжилгээ хийх, төрийн байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзлээ. Мөн өмнөх жилүүдэд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлтэй холбогдуулан баталсан Улсын Их Хурлын тогтоолуудын хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангуулах талаар тусгасан нь хүний эрхийг хангах чиглэлээр Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, үр нөлөөг бодитой үнэлэх, хэрэгжилтэд тулгарч байгаа хүндрэл, шалтгааныг тодорхойлох, хүний эрхийн асуудлаар гаргасан шийдвэрийн тасралтгүй, үр дүнтэй хэрэгжилтийг хангах ач холбогдолтой гэдгийг танилцуулгадаа онцолсон.
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг тодотголоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа үг хэлсний дараа уг тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов.