"340 гаруй мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагддаг"
"340 гаруй мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагддаг"
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэв.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д “Холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэнэ.” гэж, 13.9-д “Шаардлагатай гэж үзвэл холбогдох Байнгын хороо нь Засгийн газар, төрийн бусад байгууллагын хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг сонсож, хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Боловсролын яамнаас хийсэн үр дагаврын үнэлгээний тайлан болон Өргөдлийн байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусгагдан хийлгэсэн үр дагаврын үнэлгээний тайланг хамтатган хэлэлцэх гэж байгааг Байнгын хорооны дарга О.Номинчимэг хуралдааны эхэнд танилцуулсан юм.
Боловсролын яамны Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний эхний тайланг танилцуулав.
Тэрбээр, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдан 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Хуульд хамрах хүрээ нь 1-12 дугаар ангийн бүх сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулж, шим тэжээлийн тэнцвэртэй хоол хүнсээр үйлчлэхээр заасан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын Байнгын хорооны болон Засгийн газрын тогтоол, хуульд заасан дүрэм, журам, стандарт зэрэг 30 гаруй баримт бичиг энэ хугацаанд батлагдсан. 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 1-5 дугаар ангийн 340 гаруй мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаад явж байна. Хуульд заасны дагуу 2023-2024 оны хичээлийн жилд 6-12 дугаар ангийн бүх хүүхдүүдийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах ёстой байсан ч хойшлуулсаар өдийг хүрсэн гэлээ.
Боловсролын яамнаас үнэлгээ хийхэд хуулийн хэрэгжилт 34,6 хувьтай гарсан гээд, дээрх хууль Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиас салбарласан учир тэдгээр хуулийн хэрэгжилттэй шууд холбоотойг тодотгов. Хууль дагаж эрх зүйн баримт бичиг, тогтоол шийдвэрүүд хангалттай гарсан ч хэрэгжүүлэх үе шат дээр оновчтой, тодорхой үр дүн гаргаж хэрэгжээгүй гэдгийг онцолсон юм.
Хуулийн хэрэгжилтэд нөлөөлсөн голлох зүйл нь сургуулийн гал тогоо, хүний нөөцийн асуудал гээд, цаашдаа 6-12 дугаар ангийн хүүхдүүдийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахад гал тогоо, хүний нөөцийн асуудал тулгамдсаар буйг дурдсан. Түүнчлэн хоол зүйч, хүнсний ханган нийлүүлэлт, санхүүжилт, сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны тендерт оролцох аж ахуйн нэгжүүд тендерийн босгыг давдаггүй зэрэг асуудлуудыг дурдаад, зах, худалдааны төвөөс худалдан авалтыг хийснээр халдвар, аюулгүй байдлыг хангуулахад эрсдэл учруулж байгааг жишээлсэн.