Ж.Баярмаа: Төрийн орлого иргэдийнхээсээ илүү хурдтай нэмэгджээ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 32 гишүүнээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-т заасны дагуу нийтийн өргөдлийн цахим системд иргэн Р.Шинэгэрэлийн байршуулсан Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах өргөдлийг 100187 иргэн зургаан хоногийн дотор дэмжсэн гэдгийг тодотгоод дэмжигчдийн  84 мянга нь 18-40 насны залуус, 57 хувь нь эмэгтэйчүүд байсан нь иргэдэд татварын хувь, хэмжээг бууруулах асуудал нь ус, агаар мэт хэрэгтэйг харуулж байна гэлээ.

Татварын бодлогын хувьд Монгол Улс өнөөг хүртэл иргэдийн орлого, хувийн хэвшлийн өсөлтийг дэмжихээс илүүтэйгээр татвар хуримтлуулах замаар төсвийн зарлагаа санхүүжүүлэх чиглэл нь давамгайлж иржээ. Үүний үр дүнд сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын төсвийн орлого 6 их наяд төгрөгөөс 33.5 их наяд төгрөг болж 5.5 дахин өссөн байна. Гэтэл энэ хугацаанд иргэдийн голч цалин ердөө 3.2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, төрийн орлого иргэдийнхээсээ илүү хурдтай нэмэгджээ гэдгийг танилцуулгадаа онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, өнөөдөр хөдөлмөр эрхэлж шударгаар татвар төлж буй цалинтай иргэд дундаж давхаргын жишгээр хуримтлал үүсгэж хөрөнгөжиж чадахгүй, эсрэгээрээ инфляц, зээлийн дарамт, татвар нийгмийн даатгалын шимтгэлийн ачаалалд хамгийн их өртөж, өрнөөс өрний хооронд амьдарч буйг дурдаад хуулийн төсөл нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан татварын хэмжээг 1.0 хувь болгон бууруулах агуулгатай гэв. Энэхүү өөрчлөлтөөр иргэдийн гар дээр үлдэх бодит орлого нэмэгдэн, худалдан авах чадвар сайжирч, хөдөлмөр  эрхлэх идэвх нэмэгдэнэ. Мөн цалингаа нуух, бэлэн мөнгөөр тооцоо хийх зэрэг сүүдрийн эдийн засаг хумигдана. Хувиараа бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэн, дундаж давхаргыг бодлогоор дэмжих нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ. Түүнчлэн татварын таатай орчин нь жижиг, дунд бизнес үйлчилгээний салбарын орлогыг дэмжсэнээр татварын бааз суурь нэмэгдэж эдийн засаг дахь цусны эргэлт сайжрах ач холбогдолтой гэж байлаа.   

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй гэдгийг онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, С.Цэнгүүн, Х.Ганхуяг, М.Мандхай, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн иргэдийн бодит орлого, худалдан авалтыг хэрхэн нэмэгдүүлэх, мөнгөний ханшийн уналтаас яаж хамгаалах вэ гэдэг зорилгод чиглэсэн тул хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан гээд иргэд татвар төлөөд үлдсэн нь ахуй амьдралд нь хүрэлцэхгүй болохоор татвар төлөх сонирхолгүй болж, далд эдийн засгийг бий болгоод байна. Иймд уг б нэг хувь болгосноор тэрхүү далд эдийн засгийг ил гаргахын зэрэгцээ  дундаж давхаргыг дэмжинэ гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг олон орны татварын хуулиудыг судлахад энэ татварын тухайд шатлалтай байх нь зөв. Дундаж орлоготой иргэдийг татварыг шатлалаар нь тэглэж, өндөр орлоготой иргэд, аж ахуйн нэгжид тодорхой хэмжээний татвар ногдуулж аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай уялдуулахгүй бол татвараас зайлсхийх асуудал хамгийн түрүүнд хийнэ гэдгийг анхааруулж байлаа. 

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт бага орлоготой иргэд багыг, их орлоготой нь илүүг төлөх нь зүй ёсны хэрэг бөгөөд татвар нь нийгэмд шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг бий болгох зорилгод нийцэхгүй байгааг дурдаад бид бага орлоготой иргэдээ илүүтэй дэмжих хэрэгтэй гэв. Орлого бага байх тусмаа татвар нь бага, орлого нэмэгдэх тусам татвар нь үе шаттайгаар нэмэгддэг ийм уян хатан татварын систем тогтоовол шударга болно гэсэн саналыг хэлж байлаа. Хуулийн төслийг дэмжвэл ийм уян хатан, шаталсан татвартай болохыг төсөл санаачлагчаас тодруулж, хариулт авсан.

Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов.