201 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ
Төсөвт тодотгол хийнэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Энэ талаарх Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хийв. Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хороод 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулсныг дурдлаа.
Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Б.Түвшин, Ж.Галбадрах нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүй нөхцөлд ямар үр дагавар үүсэхийг тодруулав.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариултдаа, инфляц өндөрсөж, шатахуун 37 хувийн нэмэгдэлтэй байгааг дурдаад цаашдаа ойрхи дорнодын нөхцөл байдлаас бидний авах арга хэмжээ хамаарна. Хэрэв шатахууны үнэ нэмэгдэж, инфляц өсвөл яаралтай төсвийн тодотгол хийж хариу арга хэмжээ авах шаардлагатай. Ийм тодотгол хийхийг хориглосон гурван сарын хугацааг хүчингүй болгох зохицуулалтыг төсөлд тусгасан гэв. Хуулийн төсөл дэмжигдэхгүй нөхцөлд 2.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын орон зай үгүй болж, ямар ч хөрөнгө оруулалт хийгдэхгүй хэмээлээ.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороодод шилжүүллээ.