Онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоно

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүнээс 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцүүлэн шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад тус Байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн гэв. Мөн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн гэлээ.

Түүнчлэн Цусны донорын тухай хууль тогтоомжийн нэр томьёоны тодорхойлолтуудын үг хэллэгийг иргэд, олон нийт эрүүл мэндийн ажилтнуудад ойлгогдоход хялбар, энгийн, хоёрдмол, утгагүй байдлаар илүү нарийвчлан томьёолж, хуульд хэрэглэж буй цусны донорын сэрэмжийн тогтолцоо байнгын донор зэрэг зарим нэр томьёоны тайлбарыг тодорхойлолтод нэмэх, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн харьяалалгүй хүний эрүүл мэнд, амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг нэмж тусгасан гэв.

Мөн Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль, цаг уур, биологийн гаралт, аюулт үзэгдэл, гамшиг ослын тоо, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүний эрүүл мэнд, амийг аврахад нэн шаардлагатай цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бэлэн байдлыг хангах нь гамшгийг сөрөн тэсвэрлэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чухал асуудал гэж үзэн цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамж хүртээмжийг сайжруулах хүрээнд нарийн мэргэжлийн ур чадвар, тасралтгүй сургалт, хөгжлийг шаарддаг, эрсдэлтэй, өндөр, хариуцлагатай нөхцөлд ажилладаг цус сэлбэлт судлалын ажилтнуудад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох зэрэг заалтыг нэмж тусгасан байна.

Цусны донорт тавигдах шаардлага, эрх, үүргийн асуудлыг олон улсын жишиг зарчимд нийцүүлэхийн зэрэгцээ ДЭМБ-ын болон Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 210 дугаар тогтоолын дагуу сайн дурын төлбөргүй зарчмыг хуулийн төсөлд тусгасан. Цус сэлбэлт судлалын салбарын үйл ажиллагааны зохицуулалтын удирдлагын тогтолцоо үйл ажиллагааг илүү оновчтой болгох хүрээнд цусны донорын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагын эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн мэргэжилтний үүргийг нарийвчлан тодорхойлсон гэдгийг Ж.Баясгалан гишүүн танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Б.Уянга, М.Энхцэцэг, П.Батчимэг, М.Ганхүлэг, Ж.Батсуурь нар асуулт асууж, санал хэлсний дараа төслийн талаарх ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 62 санал тус бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн Цусны донорын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг буцаах нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул “Хуулийн төсөл  буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо. Төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Уг хуулийн төсөл батлагдсанаар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжирч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, цус сэлбэлт судлалын үйл ажиллагааг зохицуулах удирдлагын тогтолцоо, үйл ажиллагаа шинэ шатанд гарна. Мөн цусны донорын сургалт, сурталчилгаа, түүний дотор орон нутаг дахь үйл ажиллагаанд ахиц дэвшил гарснаар эрүүл аж төрөх ёсны талаарх ойлголт сурагч, оюутнаар дамжин өргөжих төдийгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж бүрэн шийдэгдэх нөхцөл бүрдэх юм.