Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болгов
413 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 32-ыг нь 2027 оны төсөвт тусгахаар төлөвлөжээ
Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу жилийн төлөвлөгөөний төслийг Байнгын хороо хэлэлцсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, М.Мандхай, М.Ганхүлэг, П.Батчимэг, Б.Бейсен нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Тухайлбал, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгагдсан усны төслүүдийн талаар Б.Уянга гишүүн лавлаж, холбогдох тайлбар, тодруулгыг ажлын хэсгээс авсан.
М.Мандхай гишүүн, ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулах шаардлагын талаар, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ард иргэдийн, малчин өрхийн амьдралын чанарыг сайжрах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа аль болох амьдралд ойр, хэрэгжихүйц, бодит үр дүнд хүрэхүйц байхаар тооцсон хэмээн Ц.Идэрбат сайд хариулав. Малчдын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд арьс, шир тэргүүтэй малын гаралтай бусад түүхий эдийг үнэ цэнтэй болгох тал дээр анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа хэлсэн. Мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн орлого харьцангуй өсөлттэй байгааг Ж.Энхбаяр сайд тэмдэглэн хэлж байв. Эрүүл мэнд, боловсрол, мал эмнэлэг тэргүүтэй төрийн бүх үйлчилгээг татвар төлөгчдийн мөнгөөр малчдад хүргэж байгаа гэв. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийнх нь 50 хувийг төрөөс хөнгөлж, малын хөлийн татвар, бэлчээр ашиглалтын төлбөр зэргийг авахгүйгээр малчдыг төрөөс бодлогоор дэмжиж байгааг дурдсан. 2025 оны гүйцэтгэлээр малчдын орлого 10-аас дээш хувиар бол хот, суурин газрын иргэдийн орлого 2 хувиар нэмэгдсэн гэх мэдээллийг танилцуулсан. Цаашдаа хөдөө аж ахуйн салбарыг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалах, дасан зохицох, сөрж давах чадавхтай болгохоор зорилт дэвшүүлж, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа хэлсэн. Тодруулбал, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх 34 төсөл, арга хэмжээний санал ирснээс 413 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 32-ыг нь 2027 оны төсөвт тусгахаар төлөвлөж байгааг хэлсэн. Эдгээр бодлогын үр дүнд салбарын тогтвортой байдал хангагдана хэмээн тооцож байгаа гэлээ.
Улмаар төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг оновчтой хэлбэрээр эрчимжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулж байсан өмнөх сайн туршлагыг хэрэгжүүлэх, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөг дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нийцүүлэх, өмнөх жилүүдийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд анхаарал хандуулах зэрэг асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлж байв. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй. Иймд холбогдох санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэн, өнөөдрийн хуралдаан өндөрлөв.