Г.Дамдинням: БНЭУ-аас мэргэжилтнүүд ирж, нэг жилийн хугацаанд дагалдуулан сургах маягаар дадлагажуулна

Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүний нөөцийн асуудлыг тодруулсан гишүүдийн асуултад Г.Дамдинням сайд дараах хариултыг өглөө. Өнөөдрийн байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл дээр 2500 хүн ажиллаж байгаа ба зээлийн ашиглалтыг нэмэгдүүлсэн тохиолдолд 4500 хүн ажиллах тооцоо гаргаад байгаа аж. Үйлдвэр ашиглалтад орвол 550 инженер, техникийн ажилтан шаардлагатай, дамжуулах хоолой дээр ажиллах ажилчдын тоог нэмэхээр хамгийн багадаа 700 ажлын байр бий болох юм байна.

Холбогдох мэргэжилтнүүд буюу хүний нөөцийг БНЭУ-д болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд үе шаттай бэлтгэж байгаа гэв. Тодруулбал, Шинжлэх ухаан, технологийн их сургуульд жил бүр 51 оюутныг тэтгэлэгтэй сургаж байгаа, үүний зэрэгцээ энэ жилээс эхлэн тодорхой тооны төгсгөгчийг байнгын ажлын байраар хангаж, үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах бэлтгэл хангахаар төлөвлөөд байгаа гэлээ. Төслийн бүтээн байгуулалтын явцад гүйцэтгэгч компаниуд тоног төхөөрөмж ашиглалтад оруулахдаа 6 сарын өмнөөс инженерийн суурь мэдлэгтэй боловсон хүчнийг дадлагажуулж, туршлагажуулах үүрэг хүлээдэг байна.

Мөн гэрээний хүрээнд үйлдвэр ашиглалтад ормогц БНЭУ-аас мэргэжилтнүүд ирж, нэг жилийн хугацаанд дагалдуулан сургах маягаар дадлагажуулна. Үүний дараа дотоодын хүний нөөцдөө тулгуурлан үйл ажиллагаа нь явар бөгөөд цаашдаа дотоодын мэргэжилтнүүд, хүний нөөцөө бэлтгэх шаардлага үүснэ гэв. Өнөөдрийн байдлаар төслийн бүтээн байгуулалтад 100 орчим хүн оролцоод, зураг төслийн шатнаас эхлэн бүтээн байгуулах үйл явцад оролцон ажиллаж байгаа гэх мэдээллийг өглөө.