З.Мэндсайхан: 19 жилийн хугацаатай зээлийн эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн төсөл, Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндэсний хиймэл дагуул хөөргөх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг дэмжлээ. 

 

Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд 65.0 сая еврогийн эх үүсвэрээр хорт хавдрын нейронавигац, стереотактик оношилгоо, эмчилгээний төв байгуулж, гэмтэл согог, эх, нярайн эндэгдэл бууруулах, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжруулах, Цэргийн төв эмнэлэг болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж,  шинэчлэх, Дуурь бүжгийн эрдмийн театрын тайз, дуу авианы тоног төхөөрөмж шинэчлэхээр төлөвлөсөн. Зээлийн эх үүсвэр нь 1 хувийн хүүтэй, 0.9 хувийн баталгааны шимтгэлтэй, 19 жилийн хугацаатай, эхний 4 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй гэж Эдийн засаг, хөгжлийн сайд З.Мэндсайхан танилцуулсан юм. Өмнөх гурван хэлэлцээр амжилттай хэрэгжсэн учраас зарим төслийг үргэлжлүүлнэ гэв.

Хэлэлцээрийн ач холбогдол, үр өгөөжийн талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, Б.Жаргалан нар хөндөж, байр суурь илэрхийлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь төслийг дэмжиж, санал, дүгнэлтийг Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.