Дэвшилтэт технологийн жагсаалтыг гуравдугаар улиралд багтаан боловсруулна
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нарын 5 гишүүнээс Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцсэнээр үргэлжиллээ. Гишүүдийн нийт зургаан асуулгын хариуг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны 05 дугаар сард ирүүлжээ. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн дагуу “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс"-ийг байгуулж, энэ жилээс эхлэн e-business системээр дамжуулан хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэж эхэлсэн. Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд есөн төрлийн татварын бус дэмжлэг үзүүлэхээр хуульд заасан байдаг ч Нийгмийн даатгалын ерөнхий хууль тогтоомжид “нөхөн олговор” олгохтой холбоотой харилцааг зохицуулаагүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 23 дугаар зүйлтэй зөрчилддөг, Тусгай сангийн орлогын эх үүсвэр бүрдүүлэхэд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй буюу зөвхөн зарцуулах эрх олгосон нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байгаа талаар танилцуулгад дурджээ. Үүссэн хүндрэл нь сангаас өөр санд шилжүүлэх зохицуулалтгүй, Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих сангаас ажил үйлчилгээг дэмжих, сургалт зохион байгуулахаас бусад төрлийн дэмжлэг үзүүлэх боломжгүй, Шинжлэх ухаан технологийн тухай хуульд Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангаас аливаа төрлийн дэмжлэг, татаас олгохгүй бөгөөд зөвхөн эргэн төлөгдөх зээл өгөхөөр заасан нь зөрчилддөг зэргийг асуулгын хариуд өгчээ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т “Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийн 5-аас доошгүй хувь”-ийг жил бүр мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулахаар хуульчилсан ч уг хөрөнгийн захиран зарцуулах эрх хэнд байх, төсвийн ерөнхийлөн захирагч хооронд шилжүүлэн буюу төсөвт зохицуулалт хийж зарцуулах эрхийг нээх эсэх нь тодорхойгүй байна гэжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 594.0 сая төгрөг зарцуулсан бол 2026 онд 1.1 тэрбум төгрөгийг мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна. Гарааны бизнес эрхлэгч болон бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээн 2025 онд 7 баг шалгарч, 112 сая төгрөгийн дэмжлэг авсан. Дэвшилтэт технологийн жагсаалтыг 2026 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа. Уг жагсаалтад их өгөгдөл, хиймэл оюун, кибер аюулгүй байдлын чиглэлийн технологийг нарийвчлан тодорхойлж, дэмжих зохицуулалт тусгана гэж Засгийн газрын төлөөлөл танилцуулав.
УИХ-ын гишүүний асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, С.Эрдэнэбат, Ж.Золжаргал нар тодруулж, байр суурь илэрхийллээ. Асуулгыг Ерөнхий сайдад тавьсан гол шалтгаан нь түүний анхаарлыг энэхүү хуулийн хэрэгжилтэд хандуулах явдал байсан, хоёр жилийн өмнө баталсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлж чадахгүй бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам цаашид байх шаардлагатай эсэх асуудлыг хөндөх болно гэсэн юм.
Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийн хүрээнд Монгол Улсад үр өгөөжтэй ашиглах боломжтой олон талт хэрэгцээ шаардлагад нийцсэн хиймэл дагуулын талаар судлан санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцлаа. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны дарга Ч.Анар илтгэж, дэд хорооноос тогтоолын төсөл боловсруулсан хэмээв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга асуулт асууж, үг хэлсэн. Үндэсний хиймэл дагуул хөөргөх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг 75 хувийн саналаар дэмжлээ