Ачилтыг журамлаж, “ангууч”-дыг цэгцлэх үү?

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн хэд хэдэн арга хэмжээний нэг нь автомашин ачилт. Дүрэм, журамгүй тээврийн хэрэгслээ байршуулж, түгжрэлд зохих хувь нэмрээ оруулдаг байсан эл шийдвэр анхандаа цаг үеэ олсон шийдвэр байв. Гэвч ачилтын компаниуд олшрохын хэрээр түгжрэлийн нэгээхэн хэсгийг шийдэх учиртай эл тогтоол үндсэн зорилгоосоо бүрмөсөн хазайж, хэдхэн аж ахуйн нэгжийн халаасыг зузаатгах хүртлээ бизнесийн сүлжээ болон хувирсан нь нууц биш. Үүнийг дагасан шүүмжлэл ч иргэдийн дунд явж эхэлсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Өөрөөр хэлбэл, ачилтын журам түүхэн үүргээ гүйцэтгэсэн үү, гүйцэтгэсэн. Гэхдээ арга барилын хувьд дэг журам тогтоох гэхээсээ дээрмийн үйлдэл шахуу болсон нь анхаарах асуудал мөн үү, мөн.

Эргэн сануулахад 2015 оноос НИТХ-ын тогтоолоор албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Тухайн үед замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зөв хүлээлт нийгэмд байв. Гэвч өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд энэ систем улам бүр харгис, зөвхөн ашиг хонжооны төлөөх “ангууч”-дыг борооны дараах мөөг шиг бий болгосон нь гашуун үнэн.

Үндсэндээ замын хөдөлгөөний бодит саад болсон, эмнэлэг, галын машины гарц хаасан тээврийн хэрэгслийг зохицуулахын оронд ачихад хамгийн амархан, хоосон зайтай газар зогссон машиныг отож байгаад хэдхэн минутын дотор нууцаар ачдаг соёлгүй жишиг тогтоогоод удаж байна.

Жолооч ирэхээс урьтаж машиныг нь хүчээр ачиж одох, иргэдийн эд хөрөнгийг гэмтээчихээд хариуцлага хүлээдэггүй зэрэг зүй бус үйлдэл нь Улаанбаатар хотын иргэдийг туйлдаж, бухимдуулах гол үндэс болсоор ирлээ. Бодит үнэн нь 10 жил машин ачлаа гээд Улаанбаатарын түгжрэл буураагүй, харин ч иргэдийн бухимдал улам нэмэгдсэн нь энэ тогтолцоо анхнаасаа буруу байсныг бэлхнээ гэрчилнэ.

Энэ мэт шалтгаанаас үүдэлтэйгээр НИТХ-ын зүгээс эл журмыг эргэж харахаар төлөвлөсөн нь эдгээр өдрийн гол сэдэв болж байна. Нэгдүгээрт, төр өөрөө иргэддээ хүрэлцээтэй авто зогсоол, дэд бүтцийг нь шийдэж өгөөгүй байж, шууд ачиж торгож байгаа нь шударга бус. Байхгүй орон зайд машин тавьсных нь төлөө иргэнийг санхүүгээр шийтгэх нь ёс зүйгүй үйлдэл.

Хоёрдугаарт, цахимжилт, ухаалаг системийн эрин үед бид амьдарч байна. Заавал машин ачиж, иргэнийг хашаанаас хашааны хооронд гүйлгэж, цаг хугацаа барах шаардлагагүй болсон. Дүрэм зөрчсөн бол “E-Mongolia”, “Smartcar”-аар дамжуулан зураг, цаг хугацааг нь баримтжуулаад, торгуулийг шууд хаягаар нь явуулдаг олон улсын жишиг рүү шилжих нь хамгийн соёлтой бөгөөд зөв шийдэл юм.

Өөрөөр хэлбэл, үеэ өнгөрөөсөн машин ачилтын журмыг цуцалж, илүү ухаалаг технологид суурилсан шийдлийг НИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх нь нийслэлийнхэнд хүлээлт үүсгэх гол асуудлын нэг боллоо.