С.Амарсайхан: Чех улстай шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан танилцууллаа.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр иргэдийн гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан монголчууд ихээр зорчиж, амьдарч, мөн ажил хөдөлмөр эрхэлдэг улс орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэлэлцээр байгуулах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэв.

Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр нь 5 хэсэг 29 зүйл, хавсралтаас бүрдэж байгаа бөгөөд хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, гэмт хэргийн зохион байгуулагчийг олж тогтоох чиглэлд талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх, олон нийтийн аюулгүй байдал, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр улсын эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо шууд харилцаж, түргэн шуурхай хамтран ажиллах боломжтой болно гэлээ.

Энэхүү хэлэлцээрийн төслийг Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжээд, Засгийн газарт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Ингэснээр уг хэлэлцээрт талууд гарын үсэг зуржээ.

Тус хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтад заасны дагуу эрх зүйн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон заавал соёрхон батлах олон улсын гэрээ бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж батлуулах зохицуулалттай гэдгийг С.Амарсайхан сайд танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, өдгөө манай улсын хэчнээн иргэн Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байгааг, хэчнээн нь гэмт хэрэгт холбогдоод байгааг асуулаа. Өнөөдрийн байдлаар тус улсад нийтдээ 15147 мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа, 2025 оны байдлаар 86 иргэн гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээллийг ажлын хэсгээс өгсөн. Хуралдаанд оролцож буй гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр суурь илэрхийлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 11 нь дэмжснээр Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Анар төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.