Б.Бат-Эрдэнэ: Био эдийн засгаар дамжуулж ойг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүнээс 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хийлээ. Хуулийн төсөл нь 10 бүлэг 59 зүйлтэй бөгөөд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, хуулийн үйлчлэх хүрээ, ойн тогтвортой менежментийн тусгай зарчим, түүнтэй холбоотой зохицуулалтыг шинэчлэх, олон улсын жишигт нийцүүлэн өөрийн орны онцлогийг харгалзан “заган ой”, “татмын ой”, “ойн эдийн засаг”, “ойн нүүрстөрөгчийн шингээлт”, “ойн нүүрстөрөгчийн ялгарал”, “ойн нүүрстөрөгчийн кредит”, “ойн экосистем”, “таримал ой”, ногоон байгууламж зэрэг нэр томьёог шинээр тайлбарласнаас гадна “ой”, “ойн аж ахуйн арга хэмжээ” зэрэг нэр томьёог өөрчлөн найруулахаар тусгажээ.

Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хуульд хэрэглэсэн “ойн үржүүлэг” гэсэн нэр томьёог олон улсын жишигт нийцүүлэн Ойжуулалт болон “ой нөхөн сэргээлт” гэж ялган тодорхойлсон гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа онцолсон.

Түүнчлэн Ойн бүсийн ангиллыг өргөжүүлж, тусгай зориулалтын ой гэсэн ангиллыг нэмж оруулсан, ойн бүсийн ангилал бүрийн дэглэм, тухайн бүсэд хориглох үйл ажиллагааг тодорхойлохын зэрэгцээ иргэн өөрийн өмчлөлийн газартаа, аж ахуйн нэгж байгууллага ойжуулахаар авсан газартаа өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан таримал ойн үр шимийг нь хүртэх, таримал ойг ойн мэдээллийн цахим системд бүртгэж, баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна.

Ойн баялгийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хаягдалгүй, үр ашигтай ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, био түлш, ойн химийн үйлдвэрлэлийг дэмжих, нүүрстөрөгчийн шингээлт ба кредиттэй холбоотой харилцаа, ялангуяа нөхөрлөл хариуцан хамгаалж байгаа ойн сангийн кредитийг ашиглах зах зээлд оролцох боломжийг шинээр оруулсан гэлээ.

Мөн орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, тэднийг ой хамгаалалтад идэвхтэй татан оролцуулах зорилгоор ой бүхий нутгийн иргэд, нөхөрлөлүүд ойн дагалт баялаг ашиглахад давуу эрх байх зохицуулалт нэмсэн байна. Ойн салбарын бодлогыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ойн салбарын төрийн байгууллагын тогтолцоог шинэчилж, салбарыг төвлөрсөн, нэгдмэл удирдлагатай болгох, ойн ангийн дарга, ажилтнуудыг төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид хамааруулах, улмаар ойн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулахад орон нутгийн оролцоог дэмжих, салбарын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх зорилго бүхий ойжуулалтын сан, түүний эх үүсвэр, зарцуулалтыг шинээр нэмсэн аж.

Ойн мэдээллийн цахим санг хөгжүүлж салбарын үйл ажиллагаанд оролцогчдын мэдээлэл солилцох, ойн сантай холбоотой бүртгэл, зөвшөөрөл, хяналт, мэдээлэл, гарал үүсэл, эрхийн бичгийг цахимжуулах, мод бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэлийн үйл явцыг ойн тогтвортой менежментийн стандартыг хангаж байгааг баталгаажуулах харилцааг хуульчлахаар тусгажээ. Улсын, аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөө нь стратегийн шинжтэй байх бол сумын ойн менежментийн төлөвлөгөө нь тухайн нутаг дэвсгэрийн ойд хэрэгжүүлэх ойн аж ахуйн арга хэмжээг тусгах ба 10 жилийн хугацаатай байх, хугацаанаас өмнө байгалийн аюулт үзэгдлийн улмаас ойн төлөв байдалд их хэмжээний өөрчлөлт орсон нь ой зохион байгуулалт, тооллогоор тогтоогдсон, эсхүл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ойн сан бүхий газрын ангилалд өөрчлөлт орсон үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах, тайланг тухайн жилд багтаан цахим системд илгээж байхаар менежментийг тусгайлан заасан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулж байлаа.

Хуулийн төслийг баталснаар ойн салбарын удирдлага, зохион байгуулалт, тогтолцоо тодорхой болж, хууль үр дүнтэй хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Мөн ойн нөөцийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, ойн био эдийн засаг хөгжиж, ойн нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өргөжихийн зэрэгцээ нүүрстөрөгчийн зах зээлд оролцох зохицуулалт тодорхой болсноор ойн салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат хуулийн төслийн шинэчилсэн найруулыг хийгээгүй нөхцөлд ямар үр дагавар үүсэхийг, ойн сав газрыг бүрэн дүүрэн цэвэрлэж байгаа эсэх, самар түүж байхдаа ойн сан, дагалдах баялгийг сүйтгэсэн иргэдэд хариуцлага тооцох зохицуулалтыг тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Мөнхбаясгалан хуулийн төслийн 35 дугаар зүйлд ойн дагалт баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх агуулгын зохицуулалтад экологийн тэнцвэрт байдлаа алдагдуулахгүйгээр хөрс, усыг гэмтээхгүй байх зохицуулалт бий эсэхийг лавласан. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар хуульд хангайн бүсийн ойг хамгаалах тухай асуудлыг хөндсөөр ирсэн тул төслийн хэлэлцүүлгийн явцад говийн ойн тухай асуудлыг тусгаж оруулах нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Төсөл санаачлагч гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийн асуултад хариулахдаа, био эдийн засгаар дамжуулж ойг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын хүлэмжийн хийн зах зээл дээрээс мөнгө олох боломж байгаа тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагууд байна гэв. Тухайбал, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хогийн цэгийн бүрдүүлбэрийнх нь 60 хувь нь модны үртэс байхад огт ашиглаж чадахгүй байна. Мөн Монгол Улсад хөнөөлт шавж болон ой хээрийн түймэрт өртсөн модны хэмжээг нийтэд нь тооцвол 32 жил ашиглах нөөц байгаа тул үүнийг ашиглах агуулгыг төслийн шинэчилсэн найруулгад эдийн засагжуулах зохицуулалтаар оруулсан гэв. Түүнчлэн төслийн 36 дугаар зүйл дээр хушин ойн менежмент буюу самрын модны талаар тусгаж, хариуцлагажуулах хэлбэрээс нь шалтгаалаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэх зохицуулалтууд байгаа гэхийн зэрэгцээ төслийн 35.2 ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ойн дагалт баялгийг түүж бэлтгэхэд хязгаарлалт тогтоож болно, 35.5боловсруулаагүй ойн дагалдах баялгийг экспортлохыг шууд хориглох гэх зэргээр тодорхой асуудлуудыг тусгасан хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн хариулж байлаа.

Ингээд Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.