О.Цогтгэрэл: Төрийн хямралт байдал хаалга тогшиж буйг сануулж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрсэнгүй

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулгын цагаар үргэлжиллээ. Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг өнөөдрийн асуулгыг “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас гаргасан уу” сэдвийн хүрээнд төлөвлөжээ.

 

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригч намын явуулж буй бодлого, засаглалын үр дүнд төрийн хямралт байдал хаалга тогшиж буйг сануулж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрэхгүй байгааг онцоллоо. Тэрбээр сүүлийн 10 жилд ядуу хүн амын тоо буураагүйгээр барахгүй, эдийн засаг 7.7 хувиар өсөж байхад иргэдийн амьжиргаа доройтож, ядуурал нэмэгдэж байгааг анхааруулан, эдгээр асуудлаар Засгийн газрын тэргүүн ямар дүгнэлт хийж буйг асуусан юм.

 

Энэ хүрээнд тэрбээр төсөв, цалин, тэтгэврийн бодлогын зөрчил, төгрөгийн худалдан авах чадварыг бууруулж буй төсвийн тэлэлт, өргөн хэрэглээний барааны үнэ, зээлийн хүүгийн өсөлт зэрэг бодлогын нөлөөлөл, үр дүнтэй холбоотой асуудлыг хөндлөө. Улсын төсвийг хууль болон төсвийн хүрээнд нийцүүлэн, хэт тэлэхгүйгээр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн бүтцийг цомхон болгох арга хэмжээ авч, зээлийн хүүг 9.0, инфляцыг 5.0 хувиас хэтрэхгүй түвшинд хүргэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлэв.