Гаалийн байцаагчид хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуухыг завджээ

АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр гаалийн байцаагч нарын 2015-2016 онд үйлдэгдсэн гэмт хэргийн явцад хийсэн бичлэгийг үзүүллээ. Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүйгээр хахуул авсан хэрэгт гаалийн байцаагч шалгагдаж, шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргажээ. Энэ бол тухайн цаг үед авсан хахуулын бичлэг аж.

 

90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4,5 сая төгрөгийн хахууль авсан нэг удаагийн үйлдэл нь энэ аж. Хилээр татвар, бүртгэлгүй орж ирсэн бараа нь нийтдээ улсад  28,2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсан юм байна.

Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Мөнгөн дүнгийн хувьд бага боловч 90 тонн ачаан дунд ямар зүйл ямар хор уршиг үүсгэж болох вэ гэдэг нь тооцоологдоогүй хохирол юм. Мөн гаалийн байцаагч нарын энэ үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна" гэв.