Н.Учрал: Тэгш боломж олгох нь Засгийн газрын боловсролын бодлогын чухал зорилт
Г.Тэмүүлэн: 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан
Өргөдлийн байнгын хорооны хуралдаанд орон сууцны захиалгын хохирогч иргэдийн төлөөлөл Б.Шинэбаатар, Ш.Солонго, Б.Оюунзул, Ж.Эрдэнэцэцэг нар оролцсон юм. Энэ асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохын өмнө иргэн Ш.Солонго, Б.Шинэбаатар нар үг хэлж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Иргэд сүүлийн долоон сарын турш Засгийн газар, нийслэл, яамдтай хамтран ажиллаж байгаа ч бодит үр дүн гарахгүй байгааг хэлж, хамгийн тулгамдсан асуудал нь гацсан барилгуудыг ашиглалтад оруулах явдал гэдгийг хэлж байлаа. Хохирогчдод хамгийн их хүндрэл учруулж буй байгууллага нь нийслэлийн захиргаа гэдгийг тэд онцолж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул байгааг мэдээлэв. Улсын хэмжээнд 800 гаруй төсөл зогсонги байдалд орж, үүний улмаас 80-100 мянган иргэн шууд болон шууд бусаар хохирч, нийтдээ 120 мянга гаруй захиалагчийн эрх ашиг хөндөгдсөн тухай иргэд танилцуулж, 12-16 давхар барилга босчихсон байхад төрийн хяналт хаана байсныг асууж, барилгуудыг царцдаснаас хэрхэн гаргаж, яаж дуусгах, иргэдийн хэрхэн хохиролгүй болгох вэ гэдэг асуудлыг дэвшүүлж байлаа.

Мөн иргэн Б.Оюунзул Андын зам констракшн ХХК-ийн орон сууцны төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Төслийг 39.9 га газарт дахин төлөвлөлтөөр эхэлсэн бөгөөд газраа чөлөөлсөн 282 иргэн өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй байгаа юм. Ашиглалтад орсон таван байрны зарим сууцанд ердөө 43 иргэн орсон бөгөөд нийт 799 хохирогчтой энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа ажээ.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл хийв. Орон сууц захиалагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, давхар худалдаа болон залилангийн эрсдэлийг бууруулах зорилгоор Орон сууцжуулалтын тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрээгүй тохиолдолд захиалга авч хөрөнгө татахыг хязгаарлах зохицуулалт тусгасан байна. Барилгын зөвшөөрөл, сууцны мэдээлэл, урьдчилсан тэмдэглэлийг нэгтгэсэн цахим мэдээллийн сан байгуулж, орон сууцны мэдээллийг иргэдэд нээлттэй болгох ажлыг 2026 оны 11 дүгээр сард хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Мөн гацсан, удааширсан орон сууцны төслүүдэд хяналт шалгалт хийж, 95 компанийн хэрэгжүүлж буй 106 төслийн нэгдсэн судалгаа гарган, дэд бүтцийн хангамжийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байгааг сайд мэдээлэв. Орон сууц захиалгын залилантай холбоотой 86 компанид холбогдох, 2569 иргэнийг хамарсан 206 тэрбум төгрөгийн хохирол бүхий хэргүүдийг шалгаж, 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирол барагдуулан, 42.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалалтын арга хэмжээнд хамруулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 89 тэрбум төгрөгийн шаардлагатай 1338 гүйцэтгэх баримт бичиг дээр ажиллагаа явуулж, 44 иргэнд 3.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулан, төлбөр барагдуулах зорилгоор 242 үл хөдлөх хөрөнгө болон 43 дуусаагүй барилгыг тогтоогоод байгаа ажээ.
Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Батболд мэдээлэл хийв. Түүний танилцуулснаар 95 аж ахуйн нэгжийн хэрэгжүүлж буй 106 төсөл асуудалтай болохыг тогтоосны 37 нь зөвшөөрөлгүй эхэлжээ. Мөн 69 төсөл зөвшөөрөлтэй боловч хугацаандаа ашиглалтад ороогүй байна. Орон нутагт 27 төсөл зогсонги байдал орсон байгаагаас долоо нь Дархан-Уул аймагт байна.
Тэрбээр мөн 2028-2030 онд ашиглалтад орох боломжтой 36 мянган айлын дахин төлөвлөлтийн төслийн талаар ярьж, эдгээрийг хэрэгжүүлэхэд 222.4 тэрбум төгрөгийн инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн юм. Үүнээс 90 тэрбум төгрөгийг нийслэлийн 2027 оны төсөвт суулгахаар төлөвлөж буйг мэдээлэв.