Г.Занданшатар: Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал

 

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд  УИХ-ын дарга Г.Занданшатарт  “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-ийг өргөн барив.

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу тус комиссоос тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлж, уг илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан ийнхүү Улсын Их Хуралд өргөн барьдаг юм.

Энэ жилийн илтгэлийг “Монгол Улс дахь хүний эрхийн боловсролын талаарх бодлого, түүний хэрэгжилт”, “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”, “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал”, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдал” гэсэн үндсэн  зургаан сэдвийн хүрээнд боловсруулж, Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 25 санал дэвшүүлсэн байна.

Уулзалтын эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авсан даруйдаа Хүний эрхийн үндэсний комиссынхныг хүлээн авч, хүний эрхийг хамгаалахын төлөө анхаарал тавьж, ажиллаж байгаад талархал илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд ХЭҮК-оос өргөн барьсан 18 илтгэлийн 14-д нь эрүү, шүүлтийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тэмдэглэж, холбогдох газруудад мэдэгдэж, тодорхой санал хүргүүлж байсан талаараа онцлов.

Тэрбээр үргэлжлүүлэн, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүс, 2015 онд хоригдсон цагаасаа бидэнд удаа дараа гомдол ирүүлж байсан хэдийч  ХЭҮК хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шатанд байгаа хэргийн гомдлыг хүлээн авах боломжгүйг хуульд заасан байдгийг дурдаад УЕП, ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ-ын даргад бичиг хүргүүлсэн ч ганхцан Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар гарын үсэгтэй хариу ирж байсан. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас энэхүү асуудлыг нийтэд зарлах боломжгүй байсан гэж байлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь хүний эрхийг хангах явдал байдгийг тэмдэглээд тайлан, илтгэл, бичиг  өгсөн гэдэг  ажлын хуучин арга барил, сэтгэлгээнээс салах шаардлагатайг хатуу анхаарууллаа. Түүнчлэн, хүн хэлмэгдээд, эрүүдэн шүүгдэж байхад Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад хүний эрхийг хамгаалах асуудалд хэрхэн ажиллавал нөхцөл байдал сайжрах талаар тодорхой зорилго, төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байгааг онцлов.

Мөн тэрбээр, өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг үр дүнтэй ажиллаагүйгээс асуудал хуримтлагдаж, өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн байна. Иймд Та бүхний өргөн барьсан илтгэлийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлээд, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ гэв.

Хүний эрхийг хамгаалж, эрүүдэн шүүхийн эсрэг ажиллахад хууль эрх зүйн хүрээнд оруулах өөрчлөлт,  хөрөнгө санхүү, хүний нөөц, чадавхийн хүрэлцээ зэрэг шийдвэрлэх шаардлагатай байгаа асуудлаараа санал боловсруулах, цаашлаад хүний эрх зөрчигдөх үед шууд таслан зогсоох, урьдчилан сэргийлэх  механизмыг бий болгох, бусад хүний эрхийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах зэргээр Хүний эрхийн үндэсний комиссын ажлын арга барилаа шинэчлэх, үр дүнтэй шийдэл, өөрчлөлт хийх тодорхой саналуудаа нэгтгээд УИХ-ын тогтоолд тусгах талаар чиглэл өгөв.