Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг 60 минут унтраана

Дэлхий нийтээр өнөөдөр “Эх дэлхийн цаг-2019” арга хэмжээг зохион байгуулна. Манай улс ч уламжлал ёсоор энэ арга хэмжээнд нэгдэж, өнөөдөр 20:30-21:30 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрлийг унтраана. Мөн урлагийн тоглолт, хуванцрын хор хөнөөлийн талаар мэдээ мэдээлэл өгөх үйл ажиллагаа явагдана. Нийслэлийн иргэд маань арга хэмжээнд биечлэн оролцож чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж  “Эх дэлхийн цаг”-т нэгдэж болох юм.

 

Орон нутгаас Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Хэнтий, Дорнод, Дорноговь зэрэг аймгууд нэгдэхээр болжээ. Монгол Улсын хэмжээнд жилд 2,1 сая тонн /хоногт дунджаар 5750 тн/ хог хаягдал цуглуулан зайлуулдгаас дахин боловсруулах боломжтой 976 мянган тонн хог хаягдал үүсдэг. Үүний 9,5% буюу 92700 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13% буюу 156000 тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байна.

 

Энэ удаагийн арга хэмжээнд “Хуванцраас татгалзъя” уриаг дэвшүүлж байгаа нь Засгийн газраас 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг энэ оны гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглосонтой уялдаж байгаа бөгөөд хуванцрын хор хөнөөлийг олон нийтэд ойлгуулахад чиглэгдэж байгаа юм.