Эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд мах худалдаалсан 40 иргэнд торгууль ногдуулжээ

“Хүчит шонхор” захад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ. Шалгалтаар худалдаалж буй мах нь гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй, бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй, нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдэд зохих арга хэмжээ авах шаардлагыг “Хүчит шонхор” хариуцлагатай хувьцаат компанид өгчээ. Эрүүл  ахуйн  шаардлага  хангахгүй  орчин  нөхцөлд,  машинд  худалдаа  эрхэлж  байсан  40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуул шийтгэвэр ногдуулсан байна.