Угаарын хий мэдрэгчийг нэг удаад үнэ төлбөргүй өгнө

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Угаарын хийнд хордож амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар олон ажил хийж байгаа. Аливаа ажлыг системтэй цогцоор хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Засгийн газар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тогтоол гаргаж, шахмал түлшийг “Тавантолгой түлш” компанид үйлдвэрлэж байна. Цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлаа үргэлжлүүлнэ. Сайжруулсан шахмал түлшийг ард иргэд хэрэглэх явцдаа хордох тохиолдол гарч байгаа. Тиймээс угаарын хий мэдрэгчийг нэг удаад үнэ төлбөргүй өгөх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн иргэдэд хүргэх юм” гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч нийлүүлэх хүртэл ямар арга хэмжээ авах вэ?

-Асуудал гарахаар бодлогоо өөрчлөх алдааг давтахгүй. Нийтдээ 25 мянган шахмал түлшийг иргэдэд борлуулсан. Үүнтэй холбогдуулан асуудал бий болсон. Бид түүхий нүүрсээ сайжруулсан түлшинд шилжүүлж байгаа нь галлагаандаа хувьсгал хийж байна гэсэн үг. Бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй. Стандартын бус зуух ашиглахгүй байх шаардлага тулж байна. Судалгаагаар 51.4 хувь нь энгийн галлагаатай зуух хэрэглэж байна гэсэн дүн гарсан.

-Угаарын хий мэдрэгчийг хаанаас нийлүүлэх вэ?

-Улаанбаатар хотын Засаг даргад үүрэг өгсөн. Захиалгыг үйлдвэрээс нь шууд хүргэнэ. Тухайлан шууд гэрээ хийнэ. Зуухны стандарт өөр өөр байгаа. Тиймээс урьдчилсан сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ хийж байна. Сайжруулсан түлшээр ард иргэдээ хангах асуудлыг зогсоохгүй.

-Хариуцлагын асуудал яригдах уу?

-Нэгдсэн албан ёсны шийдвэр гараагүй байна. Хариуцлага тооцох асуудал яригдсан ч ажлаа үргэлжлүүлнэ. Засгийн газраас цаашид агаарын бохирдлыг бууруулах үүднээс боломжтой нөхцөлөөр хангана.  Бид 80 орчим тэрбум төгрөг зарцуулж айл өрхийг цахилгаан халаагуураар халаах нөхцөл бүрдүүлсэн.

-Их хэмжээгээр сайжруулсан түлш хэрэглээд эхэлсэн тохиолдолд Улаанбаатар хотын агаарт нөлөөлөх үү?

-Лабораторийн шинжилгээгээр батлагдсан бүтээгдэхүүнийг бид иргэдэд хүргэж байгаа. Улаанбаатар хотод 196 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Хүчилтөрөгч дутагдсанаас угаартсан. Түүнээс бус агаарт утаа нь гарсны дараа угаартахгүй.