Л.Оюун-Эрдэнэ: Албаны машинаар дахин хүүхдээ зөөвөл ажлаас чөлөөлнө

Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулдаг таван сургуулийн гадна талбайд өглөөний 07.00-09.00 цагийн хооронд хяналт тавьж ажилласан билээ. Ингэхдээ төрийн албан хэрэгцээнд унах автомашинаар хүүхдээ зөөж байгаа үйлдлийг баримтжуулсан байдаг. Уг асуудалтай холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ асуудал яригдсан. Энэ дагуу Төрийн албаны зөвлөл болон Тээврийн цагдаагийн газар хамтран шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн. Тиймээс албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Ингэж байж таслан зогсооно. Тэдгээр албан хаагчдад сануулга өгнө.

Таслан зогсоохын тулд ийм хэлбэрээр шахалт хийж байна. Үүнийг хориглосон журам гаргана. Хэрэв журмаа зөрчвөл шууд халагддаг болно. Хэрэв хуучин шиг серийн дугаараар нь ялгах ч юм уу ийм байдал руу шилжвэл дахиад л хүнд суртлын асуудал гарна. Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй. Энэ асуудлаар Их хурлын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм” гэлээ.