Чех улсад хууль бусаар оршин суугаа иргэдийг шилжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үүнд:

-Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар нарт даалгав. 

-“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм. 

-“Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай протокол”-ыг батлав.

-“Дипломат албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Прагвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчино.