С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Keни улсаас ирсэн өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багасчээ
Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ. Сэрэмжүүлэгт "Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Тэдний нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан. Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16 буюу өчигдрийн гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж, хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна.
Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовуурь илрээгүй. Эрүүл мэндийн яамнаас нислэгийн үед тогтмол мэдээлэл авч, цаг алдалгүй гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, холер өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу шуурхай арга хэмжээг авч, ажиллалаа.
Ташрамд дуулгахад, Кени улсад 2017 оноос хойш холер өвчний дэгдэлт гарч байгаа бөгөөд 2019 оны аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3,889 хүн өвчилж, 26 (0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхнийг холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна" гэжээ.
Холер буюу урвах тахал нь вибрионоор үүсгэгдэж бөөлжилт, суулгалтаар эрдэс давс, усаа алдаж, ус эрдсийн солилцооны алдагдалд богино хугацаанд орох цочмог халдварт өвчин.
Энэ өвчин Монгол Улсад анх удаа шинээр 1996 онд бүртгэгджээ. Өвчний эх уурхай нь зөвхөн хүн. Урвах тахлын нянг өвчтөн, балархай хэлбэрийн болон нууц хугацаандаа байгаа өвчтөн ба эрүүл нян тээгч хүмүүс гадаад орчинд тараана. Халдварлах механизм нь өтгөний мөр, халдвартай ус, хоол хүнс ба ахуйн хавьтлын замаар дамжигдана. Бүх насны хүмүүс өвдөх боловч ходоодны шүүс багатай, хоол боловсруулах замын архаг өвчтөй, согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг, цус багадалттай зэрэг хүмүүс илүү өртөмтгий байдаг байна.
Өвчний нууц хугацаа хэдэн цагаас дунджаар 2-3 хоног үргэлжлэх бөгөөд өвчин цочмог эхлэх ба гол төлөв шөнийн цагаар бага зэрэг халуурах, гэдсээр эвгүй оргин өвдөж суулгадаг аж.