Н.Номтойбаяр: Г.Батхүү агсны хэрэг надад хамааралтай юм биш

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү Төрийн ордон амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан. Хэргийг хуулийн байгууллагаас шалгаж буй ч эцэслэн мухарлаагүй өнөөдрийг хүрч байгаа юм. Тэгвэл эл хэргийн асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр маргааш хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөхөөр болжээ.


Г.Батхүү агсны амиа алдсан хэргийн явцтай холбоотой бичлэгт Н.Номтойбаяр гишүүний дүрс бичигдсэн тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ тухай тэрбээр “Тийм бичлэг байхгүй. Тийм зүйл огт болоогүй. Энэ хэргийн бүх юм шалгагдаад дуусчихсан. Би прокурор дээр очиж уулзсан. Энэ хүний үхэлтэй ямар нэгэн байдлаар хардагдаж сэрдэгдэж байгаа зүйл байна уу гэхэд байхгүй гэсэн. Эрх бүхий албан тушаалтантай уулзаж энэ талаар олон нийтэд нээлттэй зарлаач ээ, хэрэв зарлахгүй бол би хэвлэлийн хурал хийе гэсэн. Тэгэхгүй бол намайг зохион байгуулалттайгаар маш их гүтгэж байгаа. Над руу нийтдээ 384 удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайраад байна. Би энэ бүхнийг нэгтгээд холбогдох хуулийн дагуу шалгуулна. Үүнийг зүгээр өнгөрөөхгүй. 

Энэ хэргийн талаарх бүх болсон процессыг би мэдэж байгаа. Надад хамааралтай юм биш. Сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би мөн үү гэвэл мөн. Миний өрөөнөөс гараад хаашаа явсныг би мэдэхгүй” гэжээ.