С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хот хоорондын нийтийн тээврийн давтамжийг нэмснийг эсэргүүцэв
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос УИХ-ын зарим гишүүн, ЗТХЯам Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хот хооронд явуулах компанийн тоо, давтамжийг нэмэхийг эсэргүүцэж байгаа аж. Энэ тухай Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлэхдээ "Нийтийн тээвэр бол нийгмийн захиалгат үйлчилгээ юм. Өнөөдөр хот хоорондын 70 гаруй чиглэлд 67 аж ахуйн нэгжийн 1,300 гаруй жолооч, 800 гаруй тээврийн хэрэгслээр өдөрт нийт 5,000-6,000 хүнийг улсын хэмжээнд тээвэрлэдэг. Харин УИХ-ын зарим гишүүн болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар зорчигчдын нэрийг барьж, авто тээврийн төрийн захиргааны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар оролцож, хот хооронд явах нийтийн тээврийн давтамжийг нэмэхээр болоод байна. Гэтэл одоогийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн суудал ашиглалт өмнөх жилүүдээсээ 30 хувиар буурсан бөгөөд Ховд, Увс, Баян-Өлгийд явж буй аж ахуйн нэгжүүдийн 4-5 автобус сул зогсож байна.
Өөрөөр хэлбэл, нэг жолооч сард ердөө 1-2 удаа л зорчигч тээвэрлэх төдий байгаа юм. Ийм байхад хот хоорондын зорчигчдын нэрийг барьж, явах давтамжийг нэмэх гэж буй энэ асуудлыг нийт тээвэрчид бид эсэргүүцэж байна" гэлээ.
Мөн тэрбээр "Зам, тээврийн хөгжлийн сайд 2016 онд хот хоорондын нийт 87 чиглэлийг баталсан байдаг. Гэтэл өнөөдөр 68 гаруй чиглэлд автобус тогтмол үйлчилж байгаа бөгөөд цаана нь чиглэлүүд сул байсаар байгаа юм.
Сул чиглэлүүд байсаар байхад хэр туршлагатай нь мэдэгдэхгүй компаниудыг Увс, Баян-Өлгийн чиглэлд нэмэлт давтамжаар явуулахаар шаардаж байгааг ойлгохгүй байна. Тиймээс бид эрх бүхий албан тушаалтнуудад мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцдог байдлаа зогсоохыг шаардаж хэвлэлийн хурал хийж байгаа" гэдгийг нэмж хэлэв.