С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хойд бүсэд “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв”-ийг байгуулав
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран олон улсын хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага олгох “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв”-ийг Орхон аймагт байгууллаа.
Тус сургалт аргазүйн төвийг өнөөдөр нээж байгаа бөгөөд уг арга хэмжээнд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын үйл ажиллагааны захирал Г.Энхзул, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга нар оролцсон юм.
Сургалтын төв нь цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх “Аврагч мазаалай”, өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг иргэдэд түгээх “Аюулгүй өрх”, галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал” -ын сургалтын танхимуудтай юм.
Эдгээр сургалтын танхимуудаар дамжуулан Хойд бүсийн аймгуудын оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах боломж бүрдэж байна.