Хүрзтэй ПОПУЛИЗМ

 

Түүх ингэж эхэлдэг. Маш энгийн. Монгол Улс хэмээх айл байж. Газрын хэвлийдээ асар их баялагтай мөртлөө уул уурхайн төсөөлөл нь ердөө л 1970-аад оны сүүлчээс саяхныг хүртэл Орос, Монголын хамтарсан гэсэн статустайгаар явж ирсэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд. “Эрдэнэт” үйлдвэр Монголын хөгжлийг олон аравны турш чирсэн үү, чирсэн. Эдийн засагт жин дарсан уу дарсан. Тэнд бүхэл бүтэн хот боссон уу гэвэл боссон. Үүнтэй хэн ч маргахгүй. Баллуурдаад ч арилахгүй үнэн. Ардчилал нэрийн дор тоотой хэдэн нам эвсэл, улстөрчид л энэ үйлдвэрийг “саалийн үнээ” болгож ирснийг эс тооцвол “Эрдэнэт”-ээс улсад унах унац нь их, эдийн засагт оруулах өгөөж нь том байв. Байв гэдэг нь уул уурхайгаар дамжин нүүрс хэмээх нэн шинэхэн ойлголт орчин цагийн монголчуудын ой тоонд орж ирэх хүртэл. Түүнийг дагаад ашиг сонирхол, амбийц гадаад, дотоодгүй ундарч эхэллээ. Мэдээж Багануурын уурхай, Налайхын нүүрснээс тэс өөр л дөө. Бараг 21 аймгийн хэвлийд хүрэн болон коксжих нүүрсний хэдэн тэрбум тонноор хэмжигдэх нөөцтэй ордууд шилээ даран ил болж дэлхийн сонорт хүрэхийн зэрэгцээ энэ зах зээлийн тоглогчдын “бай” нь Монгол Улс болсон юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын анхаарал ч тийш чиглэж байв. ГЭВЧ... Нүүрсний асар арвин нөөцтэй Монгол Улс түүнийгээ ашиглаж, тэдгээрийн хөрөнгө оруулалтыг татаж, ашиглаж чадсан уу гэдэг нь эргэлзээтэй. Эсрэгээрээ алдуурсан морь шиг алсран одсоор нэгэн аравныг үдэх гэж байна.


 

БҮҮМ, БҮҮСТ, СУРГАМЖ

 

Монголчууд бүгдээрээ хүрз барьж нүүрсчин болов, 2011 онд. Дэлхийн ашигт малтмалын зах зээл дээрх “Супер цикл”-ийн үе таарсан болоод ч тэр үү энэ нь монголчуудын хувьд БҮҮМ болсон юм. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, Сү.Батболд Ерөнхий сайдтай Засгийн газар ч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санал, сонирхолд “бялуурч” байсан цаг. Энгийнээр хэлэхэд ОХУ, Хятад гэсэн аварга эдийн засагтай хоёр том гүрний дунд “хаалт”-тай хэлбэрээр явж ирсэн Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө үүцээ задалсан нь энэ байв.

 

Ийнхүү ямар ч БҮҮСТ-гүйгээр дэлхийн ашигт малтмал тэр дундаа нүүрсний зах зээлийн өрөг дээр БҮҮМ болж байсан үеийг Монголын Засгийн газар Тавантолгойн ордоор дамжуулан ашиглахаар хөдөлж эхэллээ. 6.4 тэрбум тонн нөөцийн 1.8 тэрбум нь коксжих, үлдсэн нь эрчим хүчнийх. Канад, Австралийн нүүрстэй харьцуулахад коксжих чанараараа өндөр гэгддэг энэ ордыг хөдөлгөх сонголттой Сү.Батболдын Засгийн газар тулгарсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш шалгуур болж болсон юм. Хүссэн ч эс хүссэн цаг хугацаа нь өөрөө ийм нуман тулгуурт биднийг оруулсан хэрэг. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 2 сая 511 мянга гаруй иргэндээ 1072 хувьцаа болгон үнэгүй тарааж, тодорхой хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд худалдаж үзэв. Ирээдүйд олборлох нүүрсээ барьцаалан Хятадын “Чалько” компаниас 350 сая ам.долларын зээл авч гэрээ байгуулав.

 

Тэглээ гээд Тавантолгой цогцоороо хөдөлсөнгүй. Эдийн засгийн эргэлтэд бүрэн орсонгүй.

 

Үнэндээ Сү.Батболдын Засгийн газар өөрт байсан боломж, бололцоогоо алдсан юм. Энэ бүх зээл, орлого бүгдээрээ сонгуулийн амлалт биелүүлэх “хатуу” сонголттойгоор ард түмний халаасанд халамж нэрээр шингээлээ. Удаахь Засгийн газар нь алга болсон гэх 350 сая ам.долларын эрэлд гарсан ч бодит үнэн нь төрийн алдаатай бодлогын төлбөр болж үүгээр илэрсэн.

 

Эцсийн дүндээ “Эрдэнэс-Тавантолгой” компани Цанхийн зүүн уурхайгаас олборлосон сайн чанарын коксжих нүүрсээ "Чалько"-д асар хатуу болзолтой байгуулсан гэрээний хүрээнд зургаан жил дуншиж нийлүүлсээр 2017 оны дөрөвдүгээр сард төлж барагдуулсан билээ.

 

Дөрвөн Засгийн газар дамнан төлсөн уг зээлийн хүрээнд “Чалько”-д хүүгийн төлбөрийн хамт нийт 410 сая ам.доллар төлсөн тухай баримт бий. Ингэхдээ Сү.Батболдын үед 80 сая, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн танхим 240 сая, Ж.Эрдэнэбатын Засгийн газар 90 сая үүнээс 30 саяыг нь бэлнээр нийт 410 сая ам.долларыг “Чалько” төлжээ. 2011 онд бий болсон ашигт малтмалын “Супер цикл” үргэлж мөнх үргэлжлэхээр сэтгэсэн нь тухайн үеийн Засгийн газрын алдаатай бодлого гэдэгтэй мэдээж хэн ч маргахгүй. Гагцхүү хэсэг зуурын сэтгэлийн хөөрлийн уршгаар зургаан жилийн турш Зүүн Цанхийн хэсгээс олборлосон нүүрсний 80 хувийг дан ганц компанид нийлүүлэх үүрэг хүлээсэн “Эрдэнэс Тавантолгой” ингэж л “Чалько”-гийн чөдөрнөөс гарлаа.

 

Ингэснээр Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдсэн. 2013 онд олборлох нүүрсний 69, 2014 онд 62, 2015 онд 57, 2016 онд 44, 2017 онд 40 хувийг зөвхөн нэг худалдан авагчид экспортлох нөхцөл үүссэн нь өнөө цагт бидэнд СУРГАМЖ болон үлджээ. Тухайн үед “Чалько”-гоос зээлсэн 350 сая ам.долларыг халамж нэрийдлээр дулдуйдах биш, төмөр зам, түүнийг дагасан бүтээн байгуулалтын суурийг тавьсан бол төмөр зам, баяжуулах үйлдвэрээс эхлээд хэн нэгэнд биш нийтэд тустай, ашигтай, үр өгөөжтэй төсөл түрүүчээсээ ашиглалтад орох байжээ.

 

БҮҮМ-ээр эхэлсэн Монголын өсөлт БҮҮСТ-гүүрээр үргэжилсэн ч эцэстээ гашуун СУРГАМЖ үлдээсэн нь энэ.

 

Мongolia=>Minegolia=>Hotel Моngolia

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2011, 2012 онд гэрлийн хурдаар суга дээшиллээ. Үүнтэй зэрэгцээд Өмнөговь аймагт “Рио Тинто” Оюу Толгой төслийн ил уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлсэн нь монголчуудыг Mongolia бус Minegolia гэсэн тодотголоор дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэв. Зэрэгцээ суманд орших Тавантолгойн орд газар, түүнээс олборлох нүүрсний ирээдүй ч гэрэл гэрэлтэй төсөөлөгдөж байв. Урд хөршийн гадаад эрэлт ихэсч Австралитай өрсөлдөх гол хөшүүрэг нь Тавантолгой түүнээс олборлох нүүрс гэгдэж байв. Гэвч энэ байдал тийм ч удаан үргэжилсэнгүй. Урд хөршийн нүүрсний худалдан авалт буурч, Монгол Улс улсын дотоод дахь нүүрс тойрсон тэмцэл өндрөө авлаа.

 

Энэхүү тэмцлээс хэд хэдэн “Мэргэжлийн эх оронч” төрснийг эс тооцвол эс тооцвол Монголын нүүрс дэлхийн зах зээлд өмнөх шигээ гол тоглогч байж чадаагүй, хажуугаар нь хөрөнгө оруулагчдын сонирхол татах нь илт буурав.

 

Тэдгээр тэмцэгчдийн зарим нь эдийн засгийн өсөлт шигээ “суга дээшилсэн” бол бусад нэгэн нь гудамжиндаа л “тэмцэж” байна.

 

Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар огцорлоо. Араас нь Шийдлийн хэмээх тодотголтой, өөрсдөө ч онцолсон Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирэв. 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авсан даруйдаа басчхүү дэлхийн зах зээл дээрх түүний эдийн хямралтай нүүр тулж, тэр нь Монголд жин дарж эхэлснийг мэдэрч “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн тунхаглав. Эдийн засаг нь түүний тэргүүлэх Засгийн газрын нэн тэргүүний зорилт гэдгийг энэ үеэрээ онцолж амжив. Газрын хэвлийдээ арвин нөөц, баялагтай атлаа түүнийг дагасан хөрөнгө оруулалт бүрт нааштай, нухацтай, хүлээцтэй хандах бодлого тодорхойлох нь Ерөнхий сайдын, Ч.Сайханбилэгийн нэн тэргүүний зорилго байсныг энд үгүйсгэхгүй. Хөрөнгө оруулагчдыг хуулийн хатуу чанга системээс салгаж, “Эдийн засгийн эрх чөлөөгүй” гэсэн муухай нэрнээсээ салах нь Шийдлийн Засгийн газрын тэргүүн зорилго байсныг үгүйсгэхгүй.

 

 

 

Гэвч хөрөнгө оруулагчдын итгэл хэдийнэ алдарч эхэлсэн байв. Мongolia=>Minegolia=>Hotel Моngolia болж ар араасаа дугаарлаж асан хөрөнгө оруулагчдын итгэл суларчээ. Олон жилийн турш хоёр хөршийнхөө дундаас “цухуйж” чадалгүй явсан Монгол Улс, хөрөнгө оруулагчдын “Баянбүрд” болсон ч түүндээ хэт “бардсан” нь эцэстээ Eagles хамтлагийн “Hotel California” гэдэг дууны ёгт утгаар бууж эхлэв. Дэлхийд алдартай буудалд хүмүүс олноор буудаг ч тэндээсээ хэзээ ч гарч чаддаггүй гэсэн утгаар Монголд очсон бол эргэж гарч чадахгүй гэх сурталчилгаа дэлхийн зах зээлд асар хурдацтай тарсан нь үүний бэлээхэн жишээ. Жастин Капла нарын хэргээс эхлээд 780 гаруй хүн татварын асуудлаас болж эрүүгийн гэмт хэрэгтэн болсон тухайн үеийн Монголыг ингэж харахаас аргагүйд хүргэж байв.

 

Зөв бодлого, өөдрөг ирээдүй

 

Монгол Улс 175 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Энэ нь нийт нутгийн 15 сав газарт тогтоогдсон нөөц. Үүгээрээ дэлхийд эхний аравт жагсаж байна. Эдгээрээс хамгийн далайцтай өргөн хүрээнд ашиглаж, улс орны хөгжил, эдийн засагт чухал жин дарахуйцаар эргэлтэд оруулах гэж байгаа нь Тавантолгой орд. Нөгөө талд коксжих сайн чанарын нүүрсний хамгийн аварга хэрэглэгч нь манай урд хөрш, Хятад. Дэлхийн нүүрсний тэн хагасыг хэрэглэдэг гэхээр ямар хэмжээний аварга том хэрэглэгч, олборлогч гэдгийг төвөггүйхэн ойлгоно. Нүүрсний төдийгүй энэ төрлийн ашигт малтмалын зах зээлд “Арслан заан”-ы энтэй тус улсын төрийн бодлогод Бугатын гангийн үйлдвэр чухал байр суурь эзэлсээр иржээ. Цаашид эзэлсээр ч байх болов уу.

 

Бугатын хүнд аж үйлдвэрлэл улсдаа тэргүүлдэг төдийгүй, дэлхийд танигдсан тухай дурдах нь илүүц. Дотоодын хүнд машин механизм, цахилгаан эрчим хүч, ган төмрийн хэрэгцээг хангадаг гол бүс нутаг болохоор тэр. Дан ганц гангийн үйлдвэрлэлээр жилдээ хоёр тэрбум тн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг гэхээр хэдий хэмжээний цар хүрээтэйг нь харж болно. Гэхдээ энд нэг асуудал бий.

 

Энэ бүх бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд түүнийг боловсруулахад шаардлагатай түүхий эд хэрэгтэй. Тэр нь нүүрс, тэр дундаа коксжих. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтдаг ч Хятадуудад нэг зовлон бий нь коксжих нүүрсний “өлсгөлөн”.

 

Монголын, Тавантолгойн өндөр чанарын коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлдээ хэрэглэхийг илүүд үздэг нь ийм шалтгаантай. Ганц зовлон манайд бий нь Хятадын гангийн үйлдвэрүүд ТЭГ зогсолт хийвэл Монголын нүүрсний экспорт ТАГ зогсох эрсдэлтэй. Тавантолгойн коксжих нүүрсийг Австралитай зүгээр ч нэг харьцуулаагүй, харин ч илүү гэж тодотгоод байгаагийн шалтгаан үүнтэй холбоотой, холбогдоно.

 

Аж үйлдвэрлэлийн салбар дөрөв дэх хувьсгалын үедээ хүрч, түүнийг дагасан асар хурдацтай хөгжил урд хөрш Хятадыг тойрсонгүй, дайрч байна. Зарим үед тэд өөрсдөө тэргүүлэгч байх амбийцийг гаргаж буй. Гагцхүү яг ийм цаг үед тус улсын гангийн үйлдвэрүүд түүхий эдийн эрэлт хэрэгцээгээр “цангаж” байгаа нь зүгээр ч нэг тохиол биш юм. Харин энэ аварга зах зээлд ойртох, түүнээс улбаалж эдийн засгийн ашиг орлого, үр өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн ашигт малтмалын арвин нөөцтэй улс орнуудын дунд “зодоон” үүсгэж эхэлсэн нь нууц биш юм. Хамгийн гол нь, гаднын өндөр зардал техник технологийг ашиглаж, сая сая тонноор нь ухаж зөөх бидэнд нэгдүгээр асуудал биш ээ. Харин түүнээс гарах үр өгөөжийг нэгээхэн хэсэн хэсэг бус нийтээрээ хүртэх нь чухал билээ.

 

Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг сэргэж байна. Нэгэн цагт алдуурсан гадаадын хөрөнгө оруулагчид ч эргээд Монголыг чиглэж эхэллээ. “Хоёр сая иргэнээрээ гарын үсэг зуруулаад аваад ир” хэмээн таг гацаж асан “Эрдэнэс Тавантолгой” ч ашигтай ажиллаж, 30 хүртэлх хувиа олон улсын зах зээлд арилжаалахаар зэхэж байна. Үүнийг дэмжих нэгэн байхад эсэргүүцэх зарим нь ч байна. Гэхдээ Тавантолгойн ордыг бүхэлд нь эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын зах зээлд гаргах IPO чухал үүрэгтэй байж мэднэ. Адаглаад тийш шургасан улстөрчдийн шахаа багасана, бараг арилна, байхгүй болно. Компанийн засаглал эрүүлжинэ.

 

Түүнийгээ дагаад Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ мэдэгдэхүйц хэмжээнд өсөх нь тодорхой. Адаглаад 10 гаруй жилийн турш гацсан төмөр замын асуудалд цэг тавина. 100 км-ээр үргэлжилж, тэр хэрээрээ хүний амь насанд заналхийлэх болсон нүүрс ачсан машины цуваа ч арилна, тухайн нутгийн байгаль орчин сүйдэхгүй.

 

Тэр болтол нүүрс гэдэг түүхий эд, "хар алт" дээр суурилсан туршилт судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бид энэ салбараас олдог орлогоо дор хаяж 10, цаашлаад хэдэн арав дахин нэмэгдүүлэх бололцоог эрэлхийлэх учиртай. Гагцхүү яаж гэдэг нь эдийн засагчид, энэ салбарын экспертүүдийн дуу хоолойг төрийн бодлогод хэрхэн шингээж, уяахаас хамаарна. Гагцхүү Монголын уул уурхай, нүүрсний салбарыг Хүрзтэй ПОПУЛИЗМ гацааж, суурин дээр нь хий эргүүлж байгаа болохоос дэлхийн зах зээл дээрх савлалт тэгтэл нь туйлдуулаагүй, хойш татаагүй. Дотоод улс төр, популизм нь биднийг, өөрсдийг нь, ашигт малтмалын салбар тэр тусмаа нүүрсний зах зээлийг хумих шалтгаан болсон.

 

Тиймээс өмнөх амжилтандаа эрдсэн гашуун СУРГАМЖ, дахин Хүрзтэй ПОПУЛИЗМ-ыг төрүүлэхгүй байх нь өнөөдөртөө бидэнд чухал.

 

Ташрамд дурдахад Монгол Улс нүүрсний экспортоос хамгийн ихдээ 2.4 тэрбум ам.доллар олж байжээ. Энэ нь Австралид үер болж, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд дээд амжилт тогтоосон 2012 оны үе л дээ. Тэр үеэс хойш 1-1.5 тэрбум ам.долларыг жилд ойролцоогоор олж, улсын төсөвтөө 250 орчим тэрбум төгрөг татвараар төвлөрүүлж иржээ. 250 тэрбум гэдэг мэдээж бага мөнгө биш. Нийгмийн хүрээнд тооцож үзэхэд дор хаяж 150-200 цэцэрлэг сургууль барих төсөв. Гол нь үүнийг зөвхөн нүүрснээс олсон хэрэг.

 

Сүүлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Үүнээс алт 15.8 тэрбум, цайр  41.4 тэрбум, зэс 531 тэрбум, төмөр 9.8 тэрбум, жонш 13.5 тэрбум, нүүрс  523.3 тэрбум,бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн байна.