С.Амарсайхан: Өдөрт дунджаар 40 орчим мянган хүн тээвэрлэнэ
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг танилцууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан агаарын дүүжин тээвэртэй холбоотой зарим асуултад хариулсан юм.
-Ямар баталгаа өгөх вэ?
-Сонгуулиас сонгуулийн хооронд ямар нэг асуудлыг ярьдаг байж болохгүй. Бидний гаргаж буй шийдэл, танилцуулж буй асуудал хотын нийтлэг эрх ашиг, улс орны хөгжилтэй холбоотой. Тиймээс улс төрийн оноо авах гэж болохгүй, бүтэхгүй зүйлсийг ярьж иргэдээ хуурч мэхэлдэг цаг өнгөрсөн. Ялангуяа хотын удирдлагын хувьд явуургүй ажил хийх шаардлага байхгүй.
Засгийн газраас Улаанбаатар хотын замын түгжрэлийг буруулах болоод нийтийн тээврийн шинэчлэлийг хийх тал дээр судалгаа, тооцоо хийх үүрэг даалгаврыг өнгөрсөн зургаадугаар сард өгсөн. Үүний дагуу судалж, ТЭЗҮ-г хийж, санхүүжилтийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэн өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайдуудад танилцуулж байна. Өөрөөр хэлбэл, Агаарын дүүжин тээвэр Улаанбаатарт бүрэн хэрэгжих боломжтой. Бид тооцоо судалгаагаа хийсэн гэсэн үг.
Улаанбаатар хотын оршин суугчдын замын дэд бүтцийн нөхцөл байдлыг зөвхөн такси, автобусаар биш бүрэн цогцоор нь шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийн үйлчилгээг бий болгож байна. Олон төрөлт болгоно гэдэг нь иргэдэд илүү сонголт бий болгож буй хэрэг. Сонголт байхгүй учраас л жилд 270 сая зорчигч тээвэрлэдэг байсан нийтийн тээвэр өнөөдөр 180 сая зорчигч тээвэрлэдэг болтлоо буурсан. Энэ бол одоогийн нийтийн тээвэр шаардлага хангахгүй байгааг харуулж байна.
-Ажил хэзээнээс эхэлж, ашиглалтад оруулах юм бэ?
-Ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Дөрөвдүгээр сард эхэлсэн тохиолдолд 2021 оны зургаадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно.
-Ашиглалтад орсон тохиолдолд хүчин чадал, зорчих үнийн хувьд ямар байх бол?
-Одоо нийтийн тээвэрт мөрдөгдөж байгаа үнийн хэмжээнд байлгаж, иргэдэд аль болох боломжтой хэлбэрээр үнийг тогтооно. Цагт 3,000 хүн тээвэрлэх хүчин чадалтай гэдэг нь өдөр дунджаар 40,000 орчим хүн тээвэрлэнэ гэсэн үг.
-Аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар?
-Агаарын дүүжин тээвэр бол бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад хамгийн аюулгүй хэрэгсэл юм. Энэ тээвэр нь анхнаасаа цас ихтэй, уулархаг газруудад зориулагдсан технологи. Дэлхийн олон хот үүнийг нийтийн тээвэрт ашиглаж байгаа бөгөөд цаг агаарын хувьд -50, +50 градуст хэвийн ажиллана. Мөн дотоод гадаадын олон мэргэжлийн хүн бүх талаас нь судалж аюулгүй байдлыг нь хангасан учраас бид хэрэгжүүлж болно гэж үзэж байгаа юм.
-Санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр гэсэн. Эргээд төлөлт нь хэдэн жилийн дотор гэж тооцоолж байгаа вэ?
-Агаарын дүүжин тээврийн санхүүжилтийг Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж, Засгийн газар сангийн яамаар дамжиж эцэслэгдэж зөвшөөрөл нь олгогдсон тохиолдолд бид дөрөвдүгээр сард ажлаа эхлэх бүрэн бололцоотой.
Эдийн засгийн хувьд ашиг олоход мэдээж урт хугацаа шаардана. Гэхдээ бид ашиг харж иргэдийн зорчих амьдрах эрхийг хохироож болохгүй учраас энэ бол хамгийн түрүүнд Стандарттай хот болох, бүх үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй болгох чиглэлээр хийгдэж байгаа ажил. Агаарын дүүжин тээвэр нь ойролцоогоор 16 минут зорчигч тээвэрлэх бөгөөд кабин нь 8-10 хүний багтаамжтай юм.










