Ч.Улаан ирж, Н.Номтойбаярын бүрэн эрх "ахмад гишүүд"-д шилжлээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр үргэлжүүлэн хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлаар эцсийн шийдвэрээ гаргана. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн саналын дагуу уг хороо хуралдахаар төлөвлөсөн ч сайд Ч.Улаан Герман улсад албан томилолттой байсан нь ирц бүрдэхгүй гэсэн шалтаанаар хэд хэдэн удаа хойшилсон юм. Харин сайд Ч.Улаан Германаас ирсэн учир уг хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах боломжтой болж байгаа юм. Хэдийгээр тус хороо дөрвөн гишүүний ирцтэйгээр өчигдөр хуралдсан ч сайд Ч.Улааныг Германаас ирсний дараа хурлаа үргэлжүүлж, шийдвэр гаргахаар төлөвлөснийг Ц.Нямдорж сайд тодотгосон.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах болсон Б.Жаргалсайхан прокурорын санал гурван үндэслэлтэй нь өнгөрсөн өдрүүдэд ил болоод байгаа юм. Эдгээр нэг асуудал нь нууцын зэрэглэлд хамаарч байгаа учраас Н.Номтойбаяр гишүүнээс тавьсан хүсэлтийн дагуу түүнийг оролцуулах шаардлага байхгүй гэдгийг Дэд хорооны дарга Ц.Нямдорж хэлсэн удаатай.

Ямартай ч, өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд ороод байсан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өнөөдөр Дэд хороогоор хэлэлцэж мухарлах нь. Халдашгүй байдлын дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж даргалдаг бол Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын гишүүд бүрэлдэхүүнд нь багтдаг. УИХ-д хамгийн олон сонгогдсон гэсэн үндэслэл нь тэднийг эл хороонд багтааж, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх санал, дүгнэлт гаргах эрхийг хуулиар олгодог. 

Онцлоход сайд Ч.Улаан Герман явахаасаа өмнө Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналаа цаасаар өгсөн хэмээн мэдэгдсэн байдаг. Гэвч УИХ-ын гишүүн цаасаар санал өгдөггүй гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж шүүмжилсэн билээ. Ийнхүү Ч.Улаан ирж, Н.Номтойбаярын бүрэн эрх "ахмад гишүүд"-д албан ёсоор шилжлээ.