Стэнфордын Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдэвт олон улсын чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлээд өнгөрсөн жил бид хамтдаа “Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд хэлэлцсэн бол маргааш Тогтвортой хөгжлийн Зорилго 16 болох “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо”-г хэлэлцэнэ. Маргаашийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга, Казахстан Улсын парламентын Сенатын гишүүн зэрэг олон арван хүндэт зочид оролцоно. Бид цаашид ч гэсэн уг арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтын цар хүрээг өргөтгөх, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл явцыг нэг алхам урагшлуулснаар энх тайван, тогтвортой байдлыг цогцлооход бидний хамтын ажиллагаа чухал хэмээн онцлон тэмдэглэв.
Профессор, доктор Жи Вук Шин НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаад Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд Стэнфордын Их сургуулийн удирдлагын халуун дотно мэндчилгээг уламжлав. Тэрбээр, тогтвортой хөгжлийн зорилгууд, түүнийг хэрэгжүүлэх ажил бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн асуудал гэдэгт Улсын Их Хурлын даргатай санал нэг байгаагаа илэрхийлэв. Нэн ялангуяа Алтай судлалыг дэмжиж, соёл, түүхийн хэлхээ холбоотой ард түмэн нийтлэг үнэт зүйл, ашиг сонирхлынхоо дагуу хамтын ажиллагаагаа хөгжүүлж, хамтдаа урагшлах боломжийг бүрдүүлэхэд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ - Тогтвортой хөгжлийн Зорилго 16: “Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” чуулга уулзалт чухал ач холбогдолтой юм хэмээв. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлт болох хууль тогтоох байгууллагын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зарим зүйлийг тодруулж лавласан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6 дугаар сард болох талаар дурдаж, Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулах талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Талууд Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ, цаашдын зорилт болон бусад асуудлаар санал солилцлоо.