С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Сүнжид: Нийслэл, орон нутгийн Засаг дарга нарт 62 шаардлага хүргүүлсэн
Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн 7 бүлгийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцсэн. Өнөөдрийн хуралдаанаар энэхүү хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн дээрх 7 бүлгийн дүгнэлт болон Хүний эрхийн Үндэсний Комиссын шаардлага, зөвлөмжийн талаар мэдээлэл сонссон юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид энэ талаар хуралдаанд танилцуулав. Комисс энэ удаагийн илтгэлийг 7 сэдвийн хүрээнд боловсруулж, нийт 54 саналыг Улсын Их Хурлын тогтоолд тусгуулахаар уламжилж байгаа гэлээ. 2023 оны байдлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд нийтдээ 145 хяналт шалгалтыг хийсэн байна. Ихэнхийг нь буюу 119-ийг нь гишүүд өөрсдийн санаачилгаар, харин гомдол мэдээллийн мөрөөр 26 хяналт шалгалт хийсэн байна. Нийт хяналт шалгалтын үр дүнд 26 шаардлага, 61 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. Хамгийн их давтагдсан шаардлага, зөвлөмжийн агуулга нь хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн зөрчилтэй холбоотой байсан гэв Мөн хүүхдийн сурч боловсрох эрх, хүүхдийн хөгжих эрхтэй холбоотой зөвлөмж, шаардлага олон давтагджээ. Энэ хүрээнд сурч боловсрох орчин нөхцөл, дотуур байрны хангамж, хүртээмж, стандартын асуудал хөндөгдөж байсныг Д.Сүнжид дарга дурдав. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллагуудын талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан. Засгийн газар, яам, агентлаг, түүний салбар нэгж 9, хууль сахиулах байгууллагын чиглэлээр 16, нийслэл болоод орон нутгийн Засаг дарга 62, төрийн үйлчилгээ, төрийн өмчит аж ахуйн тооцоот байгууллага 25, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага 11 шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Хэрэгжилтийг 2023 оны байдлаар үзвэл 81 шаардлага зөвлөмжөөс бүрэн хэрэгжсэн нь 43, хэрэгжих шатанд байгаа 30, хэрэгжилт хангалтгүй 6, огт хэрэгжээгүй 8 байгаа гэлээ.
Байнгын хорооны хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс өгсөн шаардлага, зөвлөмжийг хангалгүй биелүүлсэн, эсхүл огт биелүүлээгүй байгууллагын төлөөллийг цахимаар оролцуулж байгааг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир эмийн асуудлаарх нээлттэй сонсголыг дурдаад нөхцөл байдал нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчилж болж буй эсэхээр тодруулж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн Үндэсний Комиссоос өгсөн зөвлөмж шаардлагын хэрэгжүүлсэн талаар Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Засаг даргаас асуулт асууж, хариулт авсан.
Ийнхүү Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ. Байнгын хорооны даргын гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах горимын саналыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.