С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Сургууль, цэцэрлэгийг хаах шаардлагагүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд дэлхий даяар үхлийн аюулт коронавирусийн халдвар тархаж, Монгол Улсад ч сэжигтэй тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм.
Яамнаас өгсөн мэдээллээр ДЭМБ-ын тоон статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар 584 хүн өвчилж, 17 хүн нас барсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр нас барсан 17 хүн чихрийн шижин, зүрх судасны архаг өвчин, даралт ихсэх өвчтэй хүмүүс байна. Нийт хүмүүсийн 70 гаруй хувь нь 40-ээс насныхан байна.
Монгол Улсын хувьд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирусээс хамгаалахын тулд улирлын томуугаас урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй газраар шаардлагагүй бол зорчихгүй байх. Хэдий шинэ вирус ч бусад вирусийн адилаар нарны гэрэлд тэсвэр муутай, вирусийн эсрэг бодисуудыг ашиглаж, хаалга бариул, гэр орноо цэвэрлэж, спирт саван зэргийг тогтмол ашиглаж байх хэрэгтэй.
Шаардлагатай эмчилгээг хийж чадвал коронавирусээр өвчилсөн хүн эдгэрээд гарах боломжтой. Харьцангуй хөнгөн хэлбэрээр тархаж байгаа ч архаг хууч өвчтэй хүмүүс хүндээр өвдөж байна. Шинж тэмдгээ мэдэхгүй байж байгаад оройтож хандсан хүмүүс нас барах магадлал өндөр байна.
ДЭМБ-ын Олон улсын дүрмийн дагуу эрүүл мэндийн байгууллагууд ажилладаг. Эхний байдлаар өнгөрсөн мягмар гаригаас тухайн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн тусгаарлалт оруулаад байна. Харин ДЭМБ бусад орнуудад ямар нэгэн хязгаарлалт, хаалт зөвлөхгүй байгаа. Учир нь ДЭМБ гишүүн орнууддаа тандалт судалгаагаа сайн хийж, бүх зүйлээ тодорхой болгохыг зөвлөж байна. Тиймээс яаран хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ авахгүй. Хэтэрхий их айх нь дархлаа сулрах гол шалтгаануудын нэг учир албаны мэдээлэлд итгээрэй.
Өмнө нь SARS-ын өвчлөл гарч 8000 хүн өвчилсөн. Түүний дараа болон бусад халдваруудын улмаас ямар нэгэн гартаа барих дүрэм журам, протокол хэрэгтэй гэж ДЭМБ болон улс орнуудын эрүүл мэндийн салбар байгууллагууд нэгдэн олон улсын дүрэм гаргасан. Үүнийг 196 орон дагаж мөрддөг. Тиймээс сүүлийн хоёр хоног бид эрүүл мэндийн дүрмийн дагуух байр суурийг баримталж байна. Иймээс хил гааль, аялал жуулчлалын хорио тавигдахгүй. Манай улсын хувьд цахим сүлжээгээр санал тавьж байгаа шиг сургууль цэцэрлэг хаах боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй гэдгийг онцлов.