С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
“Томъёолшгүйг томъёолохуй"
Гадаад сүм шүтээн барих амархан
Дотоод сэтгэлийн сүмийг барих хэцүү
Гүр Дэва ринбүчи
Зава Дамдин ринбүчи хүү над руу утасдаж, “Багш аа, хүү нь Хутагт Гүрү багшийнхаа тухай номоо бичиж дуусаад, хэвлүүлэхээр өгчихлөө. Та манай өрөөнд нэг саатахгүй юу” гэлээ. Хүүгийн хоолойд баярт, бахархалт өнгө хослон сонсогдох ажээ. Чин бишрэлт их ламтны тухай номоо дууссаныг дуулахдаа өөрөө биччихсэн юм шиг би ч хөөрцөглөж, шалавхан харайлгаж хүрэвэй. Римбүчи хүү тосон босож, хацраа үнсүүлээд, “Томъёолшгүй” гэсэн хүний санаа оноонд оромгүй сонин нэртэй номоо гар дээр минь тавилаа. Энэ номын хуудсыг энэ удаа эрих мэт эргүүлбээс “Хаан ширээг гөрөөсний арьсаар хахуульдсан нь”, “Дууч эмсийн боол”, “Аянган хүрдний цахилах гэрэл”, “Цастыг зорьсон цагаан чоно”, “Цагаан заан хөлөглөгч”, “Шүрэн эвэрт хаш цагаан буга” гэх тэргүүтэн гагцхүү уран нийтлэлд л байдаг уран гарчиг нүд мялаасанд хөхин баясах, “Ид шид гайхамшиг тэртээ холд үгүй хажууд буй, эрх чөлөө гадаад шалтгаан дор бус сэтгэлийн чанадад оршмуй”, “Зэмсгийг хөгжүүлэх тусам олныг хөнөөнө, оюуныг хурцлах тусам олныг аварна”, “Биеийн хуяг дуулгаар нэгэн хэсгийг авармуй, сэтгэлийн хуяг дуулгаар түмэн үеийн соёл гэгээрлийг авармуй” гэх буюу “Сүмбэр уулын орой цасан дор дарагдах үгүй, билэг оюун төгс хүмүүн цасан дор дарагдах үгүй” гэсэн уншихад яруу ухаарлын шигтгээ шүлгүүд нь өвөг дээдсийн алтан сургааль мэт болж сонор мялаасанд нь таашаан олзуурхах, хальт гүйлгэн харахдаа Дорно дахины намтар бичдэг сонгодог аргаар эрхэмсэг гэж болохуйц найруулгыг хэрэглэсэн нь оюун мялаасанд бахдан баярлах, багшийнхаа цадигийг шавь нь бичдэг монгол гайхалтай уламжлал цээж мялаасанд овойн огших энэ дөрөв дотор хослон төрөгдөх тэрхэн зуурт “Юуг томъёолшгүй вэ” хэмээн мунхаг ухааныхаа хирцээр гаргалгаа хийх гэж оролдлоо. Тийм ээ, тэрхэн зуурт бодолд зурсхийсэн нь, хязгааргүй цэлийх мөнх тэнгэр, тэр тэнгэртэй гүнээрээ тэнгэцэх хүмүүний ухаан, тэр тэнгэртэй энгээрээ дүйцэх хүмүүний сэтгэл гурав л томъёолшгүй юм уу даа” гэж багцаалвай. Гэвч “Томъёолшгүй”-г тунгаан уншваас...
Зава Дамдин ринбүчи Их хутагт Гүр Дэва багшийнхаа цадиг руу уншигч зоноо, сүсэгтэн олноо хөтлөхийн тулд бичлэгээ Жагарын их наян дөрвөн шидтэний заримыг урнаа өгүүлсэн цэдиг рүү улбируулсан нь учиртай гэмээр. Энэ нь найз Хүрэлбаатар доктор агсны маань “Зохиомжоор зодох” гэж над нэг хэлсэн лүгээ зохирох юм шиг ээ. Учир нь зохиомж гэдэг хэлбэр утга гэдэг агуулга. Ер аливаа бичлэгийн зүйл зохиомж, утга хоёрын сүлжээснээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, энэ нь хэлбэр, агуулга хоёрыг сүлэлдүүлэхийн нэр юм даа. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхүйд, Монголын их зохиолч Инжиннаши алдарт ”Хөх судар” романыхаа “Товчит толт”-д “Хулгайчийн хөвүүн онц эцгээ мөрдмүй заа” гэж нэг өгүүлсэн нь буй. Энэ нь гагц хулгайчийн хүүг хэлсэн хэрэг биш юм.
Дорно дахины бичлэгт хэрэглэдэг “илт өгүүлэхүй” нэртэй боловч утгыг далдлан өгүүлдэг нэгэн зарчмаар Инжиннаши хүү нь эцгийнхээ, шавь нь багшийнхаа мөрөөр ордог, дүү нь ахыгаа дагадаг буюу монгол цэцэн хэллэгээр бол эцгийн, багшийн “шийрийг хатаах” тухайтад хэлсэн хэрэг гэж ухалтай. Иймд Ринбүчи хүү шидэт гэвш багшийгаа чухамхүү “Үүсгэлийн зэргээр эглийн үзэгдлээс ангижирсан” тэдгээр шидтэнгүүдийн зам мөрөөр замнасан хүн байсныг үзүүлэхийг зорьжээ гэж молхи би мунхагламуй. Чингээд их багшийнхаа адал явдалт бус, дарах гэвч дардайж боссон, булах гэвч бултайж цэхэрсэн агуу тэмцэлт амьдралын тухай өгүүлжээ. Тийм ээ, молхи би ринбүчи хүүгийн ачаар Жагарын их шидтэн Лүеиба, Бирүба, Лалида, Балбын их шидтэн Баро болон Монголын их гэгээнтэн Занабазар лугаа нүүр тулж уулзав, Утай, Гүмбэм, Лхас, Дели, Катамандуд Их хутагтын номын дууг сонсов. Түүн лүгээ хамт гамин цэргийн исгэрэх суман дундуур давхиж үзэв, төвдүүдийн хорлолоор цавчим өндөр хавцлаас түүний морьтойгоо нисэхэд нь хамт нисэж, гүн ёроолд нь унаж үзэв, нүдгүй шуурга сөрөн Цаст Гималайг явган давахад нь хамт осгон алдан давж үзэв. Хутагтыг жанч халуулахаар хутга шөвөг барьсан баахан төвдийг дайран ирэхэд нь түүний ар нуруунд нь бас нуугдаж нэг үзэвэй. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхүйд, Монголынхоо төлөө энэ их хутагтын хийсэн ач, үйлдсэн буян аугаа л даа. Тэр бүхнийг тоочно гэвэл их л урт жагсаалт гарах байх. “Томъёолшгүй”-д ч дурдагдсан байна л даа. Гэвч үүнээс ганцыг нь ч болтугай тодлон бичихсэн гэхээс гар загатнаад, онцлон хэлэхсэн гэхээс хэл гозогноод болшгүй нь. Тэрээр Зава Дамдин багшийн зохиолыг Гандантэгчинлэн хийдийн лам Гончигдорж гуайгаас авч сүмбүмийг 17 боть болгон Энэтхэгт хэвлүүлж, дэлхийн хамгийн том номын сангуудад тараасан нь Монголд ийм гайхамшигтай эрдэмт лам байсан гэж үү хэмээн заримыг алмайруулж, тийм эрдэмт нэгэн байсан байна гэж ухаантайнх нь бахдлыг төрүүлэн ертөнцийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн гэдэг юм даа. Үүнийг би Зава Дамдин багшийн гарын шавь Гончигдорж ламтнаас тэртээ 1980-аад оны сүүлээр анх сонсож, Гүр Дэва ринбүчи гэдэг тэр их хувилгаан монгол төгс оюун ухааныг даян дэлхийн мэргэдэд таниулжээ. Өөрөө төгс оуюнт байж л бас чингиж таниулна даа, тэр их билэг оюунт бээр Монголд тун чиг гавьяатай хүн юм даа гэж бахдан биширч асан бөлгөө. Бусад олон буяныг нь Ринбүчи хүү “Томъёолшгүй”-дээ тодорхой хүүрнэсний учирт давхардуулан нуршихын хэрэг юун билээ. Нийгэм журмын үеийн ихэс дээдэс “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” хэмээн тунхаглаж, ард биднийг Гандан руу ч зүглэхийг хорьж, цагдаж байсан атлаа өөрсдөө болохоор хутагт хувилгаад байтугай хар болчихсон лам руу хүртэл сэм харайлдаж байсныг мэдэх болохоор тэр тухайтад уншаад нэг их гайхсангүйг цухас өгүүлээд цааш үл өгүүлэн өгүүлэхүй, “Цогчин дуганы зүүн урд талд улаан халзтай өргөө барьж, хутагт багш дор зориулан сайтар төхөөрсөн байх ба хийдийн лам нар мандал өргөж, монгол лам дээл болон орхимж, бүс, гутал өргөсөн...” гэж Ринбүчийн хүүгийн нүдээр үзснээ бичснийг уншихдаа бараг л хадагны амыг буруу харуулж барьсан лугаа адил юм болох шахаж хэмээн инээд хүрэвэй.
Тансаг Боталын дотоод ордонд
Тарнийг бясалгасан Цаньянжамц
Тагтат Лхасын гадаад байшинд
Тачаалыг бясалгасан танхай баньд гэж өөрийгөө цоллосон Төвдийн аугаа зохист аялгууч, зургадугаар Далай лам Лхастаа адлагдан, оргон босоод, нууцаар бадарчлан ядаж зүдэж явсаар Алаша нутагт хүрэхийн өмнө Ордосын Аравс уулаар өнгөрч гэнэ. Тэр ууланд нутаглаж байгаа өвгөн эмгэн хоёртой таарвал тэд ямаагаа саагаад сацал өргөж байжээ. Үүнд Дээдийн гэгээнтэн “Миний шашин дэлгэрүүлэх газар бараг энд байна” гэж дотроо бодоод эмгэн өвгөн хоёроос “Энэ ямар нэртэй газар вэ” гэж асуувал “Аравс” хэмээн хариулжээ. Чингэхэд далай ламтан “А үсэг толгойтой нэр бүхий газар шашнаа дэлгэрүүлэх гэсэн нь бараг энд буюу” гэж дотроо бэлгэшээжээ. Маргааш өглөө нь босоход эмгэн өвгөн хоёр “Замын хүний гутал амархан элэгддэг тул гутал өргөе” гэж гэнэ. Үүнд Дээрхийн гэгээн “Өө, намайг яв” гэж байгаа юм байна гэж бодоод, цааш явжээ. Ордос нутгаас гарч яван явсаар Алаша уулнаа хүрч ирэхэд бас л өвгөн эмгэн хоёр хуучирсан цээж гэрийн өмнө ямаагаа саагаад сацал өргөж байхтай таарчээ. Дээдийн гэгээн “Миний шашин дэлгэрүүлэх газар энэ байна биш үү” гэж бодоод “Энэ ямар нэртэй газар вэ?” гэж тэр хоёроос асуувал үсгээр эхэлсэн нэртэй газар байна. Миний шашин дэлгэрүүлэх орон мөн байна” гэж бодоод хонуулахыг гуйгаад, маргааш нь явах гэтэл өвгөн эмгэн хоёр “Замын хүнд суух дэвсгэр хэрэгтэй байлгүй” гээд нэгэн олбог өгье” гэсэнд Дээрхийн гэгээн “энд намайг суу” гэж байгаа юм байна гэж бэлгэшээгээд, энд шашнаа дэлгэрүүлэхээр зориг шулуудаж гэнэ. Тэгээд өвгөн эмгэн хоёрынхоос яваад Цандидын хөтөл хүрч, гэдрэг эргэж харвал тэр айлын гадаа хөх бух унасан Чойжил бурханы дүр тодров гэнэ. “Энэ бол чухамхүү миний шашин дэлгэрүүлэх орон” мөн гэж баттай шийдээд, “Баруун хийд”- ийг (“Шашныг бадаруулах сүм”) байгуулсан гэнэ. Их хутагт маань Цаньянжамц шиг “Намайг яв” гэж байна гээд яваад өгсөн бол яана. Өөр газар бол ч магадгүй л дээ. Монголоо гэсэн агуу их зүрхэн нь түүнийг тогтоон барьжээ. Тийм ээ, Гэндэндарам нөхрийн маань над ярьж байснаар “Гүр Дэва ринбүчи тэртээ 1960- аад оны эхээр Энэтэхэгт над Монголынхоо салхиар амьсгалж, Монголынхоо таанат хонины махыг амсаад үхэх юмсан” гэж Монгол газраа бэтгэртэл санасан тэр зүрхэн түүнийг тогтоон барьжээ гэж бодогдном. Нийгэм журмын хатуу журам балбасаар ёсыг мартуулсны харгаагаар тэр лам нарын ёс алдсаныг их хутагт маань өршөөж, ямар сайндаа л “Гутал өргөх нь бэлгэ дэмбэрэлд муу. Гутлын оронд олбог авчир” гэж айлдаж байх вэ дээ! Цааш өгүүлэхүй, замлин энэ хорвоод шүтэн барилддаггүй юм гэж даан ч үгүй юм даа. Аугаа зохист аялгууч далай ламтан “А” үсгээр эхэлсэн газарт хийд байгуулах тавилантай байсан бол манай их хутагт “А” үсгээр эхэлсэн орон хийдийг өөд нь татаж, өөдлүүлэн цэцэглүүлэх учир жанцантай байсан ажаам. Хутагт маань мөнх үү тэр Аравс уулын орон хийдэд ч морилон саатаж байсан байх юм аа.
Залуу ринбүчи хүү “...хэдий зүүдэн биеэр хутагт багштайгаа золгож буй боловч бодит бие дор амьдран буй учир багшийгаа ихэд санаж, олон дуулал дуулав” гэж хайлан бичснийг уншихдаа “алтан савын барилдлага, алтан номын барилдлага хоёр нэг л юм даа” гэж дотор бүлээ оргихын ялдам хамар шархирч байсныг нуух юун, муу багш хэмээгч нь. Учир юун гэвэл эрдэнэт хүний биеийг эцэг эх төрүүлдэг, эрдэмт хүмүүний ухааныг багш мэргэд цогцлоодог гэж хэлэхдээн би дуртай юм аа. Тийм ээ, Ринбүчи олон дуулал дуулсны заримыг би мэдэх юм. Ах дүү таваар аялаад бичсэн “Хиргүй охин тэнгэр минь”, “Азийн цагаан дагинын мишээл буюу Богд хатан ээжийн өлмийн батддах дуулал оршвой”, “Өвгөн шувуу болж ниссэн эрдэмтэн багш Хүрэлийн алдрыг санан дуулсан дуулал” гэх тэргүүтэн. Гар дор байснаар нь сүүлийн энэ дууллаас нь Гүрү багшдаа зориулсан нэгэн бадгийг нь сийрүүлсү.
Агуугаас агуу нэн агуу
Агчобьяа бурхан өвгөн дүрээр цэнгэсэн
Алдрыг нь хүртэл өгүүлэхэд бэрх
Аугаа Гүрү алдарт хийгээд
Хэтэрхийгээс хэтэрхий нэн хэтэрхий
Хэт дээд Очирдарь өвгөн дүрээр жүжиглэсэн Хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүй дор
Хэтэрхий дээд эцэг Түвдэн алдарт тэргүүтэй
Хоёргүй үнэн эцэг богд нарынхаа
Хос өлмий дэх нэгэн хумхын тоосны төдий ч болов
Хослуулашгүй агуу их ач тусыг нь
Хоёргүй сэтгэлээр хариулах болтугай
Одоо....гэж гурван цэг талбиад орхисноо эгэн үргэлжлүүлсү. Анхны сэтгэгдэл ихэнхдээ эндүүтэй байх юм. Ринбүчи хүүгийн “Томъёолшгүй” нь миний бодсноос тэс өөр, “Томъёолшгүй эрх чөлөө” юм байна аа. Өөрөөр хэлбэл,
“Биеийн үнэмлэхүй эрх чөлөө эрх чөлөө бус
Сэтгэлийн янагуухь эрх чөлөө жинхэнэ эрх чөлөө мөн” ажээ. “Гүрү Дэва хэмээх яруу гайхамшигт хутагт багш үхэлгүйн шидийг олж, ертөнцийн бүхүй л хүлээснээс алдуурсан төгс эрх чөлөө буюу огторгуй түгээмэл тодорхой гэгээн гэрлийн мөн чанар дор оршиж, нарны гэрлийн хурдаас ч илүү сэтгэн бодох таалал болоод гариг ертөнцийн орон зай хамаарал үгүй зорчих тэргүүтнийг өөрийн тааллаар эдлэн морилж...” буйн тухайтад өгүүлсэн нь, залуу Ринбүчи егүзэр бээр өөрөө Маха мутарын гэгээн гэрлийн агаарт дээд амгалан, хоосон чанар хоёрыг догоод сэтгэлдээ усанд ус хольсон лугаа оршоож, тэрхүү гайхамшигт онол үндсийг тодорхой ургуулсан”-аар “Томъёолшгүйг томъёолж” чадсан байна. Чингэхдээ “Томъёолшгүйг” хоосон чанарын агаарт л томъёолон болох байх” гэж багш хэмээгдэгч молхи миний бие таан ухснаа толиулсан минь энэ болой. Эндүүрсэн бол өршөөх болтугай, эндүүрсэн минь онохын эх болох болтугай.
2020 оны нэгдүгээр сар 15-ны өглөөний 4-9 цагт болой.
Хатагин ГО.АКИМ