Нэгдүгээр эмнэлэгт тусгаарлах 65 ор гаргажээ

Улсын онцгой комисс хоёрдугаар сарын 5-нд ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн халдварын сэжигтэй оноштой иргэдийг тусгаарлах, эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгах талаар мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Харин шинэ коронавирусийн халдварын сэжигтэй оноштой иргэдийг тусгаарлах, эмчлэх зорилгоор нэг эмнэлэг суллах ажлын талаар Эрүүл мэндийн яамнаас тодорхой мэдээлэл хараахан өгөөгүй байна. Харин Улсын нэгдүгээр төв эмнэлэг 65 ор гаргаж, бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

 

Тус эмнэлгийн амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авагдсан шинэ коронавирусийн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргасан байна. Мөн тусгаарлах хэсгээс амьсгалын дутагдал гүнзгийрсэн, зохиомол амьсгал үргэлжлүүлэх шаардлагатай өвчтөнг эрчимт эмчилгээний тасгийн тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхэд тус тус зураглал гаргасан байна.

 

 

Улсын онцгой комисс ээлжит бус хуралдаанаар хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт зэрэг нэр бүхий боомтод Онцгой комиссын шуурхай ажлын баг ажиллахаар болсон билээ.