НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Н.Пүрэв: Аав, ээждээ зориулж “Хувьхан заяаны харгуй” цомог гаргана
Эмнэг залуу насанд минь
Эгшиг болон учирчихаад
Эмзэг ариун сэтгэлийг минь
Эрхлүүлж нялхруулж уяруулчихаад
Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг
Чи минь хаашаа одов доо... /Цэцгэнд төөрсөн эрвээхэй/ мөн
Нэг л өглөө уулс цайраад
Намрын хяруу унана ээжээ
Нэг л шөнө үүлс хошуураад
Намираа бороо шаагина... /Намрын өнгө орлоо ээжээ/
Энэ мэт түмэнд дуурсагдах олон сайхан дууг нь Монголын ард түмэн андахгүй мэдэх яруу найрагч бол МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга, МЗЭ-ийн шагналт, МУСТА, яруу найрагч Намбарын Пүрэв юм. Түүнтэй уулзангуут л зохиосон дуу нь аманд аялагдаж, зүрх сэтгэлээс нь ямар нэгэн аялгуу сонсогдох шиг санагддаг.Магадгүй би таньдаг, мэддэг болоод л тэр байх. Ингээд түүнтэй уран бүтээл, ажил амьдралын талаар ярилцсанаа уншигч та бүхэнд хүргэе.
-Дэлгэрийн талд тоглож өссөн бага наснаас тань яриагаа эхэлье?
-Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багт 1970 онд төрсөн. Гуулингийн тэжээлийн аж ахуй байгуулагдаж, атар газар эзэмших үед /1958 он/ аав, ээж маань нүүж очсон юм билээ. Аав жолооч, ээж тогооч. Анх Гуулингийн талд эмээлгүй морь оруулахад мундаа, чих нь л цухуйдаг зэгс ихтэй онгон дагшин газар байсан гэдэг. Төр засгийн бодлогоор атар газар эзэмшснээр тариа буудай шаагисан, ажлын их талбар болж л дээ. Дараа нь, өргөжиж өвс тэжээл, төмс, хүнсний ногоо тариалсан. Том ах Гуулинд 1958 онд төрж, энэ цагаас хойш Гуулингийн уугуул хүүхдүүд ажил буцалсан талд тоглож өссөн дөө. Ээж минь есөн хүү төрүүлсэн. Би есөн хүүгийн дундах нь. Аав өглөө эрт явж, цаг наргүй л ажиллана.Ээж олон хүүхэд өсгөх, арчлах гээд дуусахгүй ажилтай. Тэр үед цэцэрлэг ойр байгаагүй учир гэртээ л бужигнана. Биднийг ээж маш гоё, цэмцгэр хувцасладаг байлаа. Хувцасны шүүгээндээ тус тусдаа эгнээтэй. Эмх цэгцтэй хийхгүй бол багтахгүй. Есөн хүүгийн хоол унд, хувцас амаргүй л байгаа шүү дээ. Гэвч биднийг багаас нь дэгтэй, хүмүүжилтэй өсгөсөн. Ах нар том болж дүү нараа асарч эхлэх үед ээж маань сумын гуанз, сургууль, цэцэрлэгт тогоочоор ажилладаг болсон. Ээж бидэнд хийх ажлыг хуваарилдаг. Бид ч үүргээ ягштал биелүүлнэ. Маш цэвэрхэн, цэмцгэр байлгадаг тул манайх цөөнгүй удаа “Соёлч өрх”-өөр шалгарч байсан сан.
-Аав чинь жолооч, найзууд нь ч жолооч байсан байх. Тэгэхээр олон эрэгтэй хүүхэд жолооч нарын кабинд л энд тэндгүй явж байна биз?
-Хичээл тараад ногооны талбайд өнжинө. Ер нь, сургуулийн хүүхдүүдийг ногоо хураах, арчлахад оролцуулна. Сурагч ч юм шиг, эсвэл ажилчин ч юм шиг. Ногоо хураах үеэр хүүхдүүдэд төмс ногоо өгч урамшуулна. Тэр нь, ам бүл олуулаа манайх шиг айлд бөөн баяр шүү дээ. Жолооч нар Монгол орны зүг бүр рүү л тээвэр хийдэг. Ойр орчимдоо бол аавынхаа тракторын, эсвэл бусад жолооч нарын кабинд л явж байна.Аав олон жил ажиллаад сүүлд нь дарга нарын А, Б-69 машин барьдаг болсон. Гэрийнхнээсээ аавын хамгийн их дагуулж явдаг хүүхдүүдийнх нь нэг байлаа.
-Хөвгүүд жолооч болно л гэж мөрөөддөг юм шиг. Аавын кабинд явсан хүүгийн мөрөөдөл юу байсан бол?
-Аав шигээ жолооч, хөдөлмөрч хүн болно л гэж бодсон үе бий. Харин зохиолч болно гэж бодож явсангүй. Ер нь, тэр үеийн хүмүүс зохиолчдоо маш их хүндэтгэдэг, тэд нь тэнгэрийн амьтад шиг л төсөөлөгддөг байлаа. Аав ном их уншдаг, “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, “Утга зохиол урлаг” гээд бүх хэвлэлийг захиалаад тэвхийтэл үдчихнэ. Алдартай дуучин, зохиолч, баатар, гавьяатуудын ярилцлагыг хайчлаад тусад нь хадгалдаг. Шинэ гарсан ном зохиолыг цалин буух бүртээ худалдан авна. Ах нар ч их уншина, ном тэвэрсэн л залуучууд. Тухайн үед сурлага сайтай хүүхдийг аав ээж, багш нар нь “Эмч бол”, “Чи багш болоорой”, “Эрдэмтэн бол” гэдэг, тэдний үг ч хууль. Би багадаа сайн зурдаг, гэрийнхэн болон ангийнхандаа зураач гэгдэж, ахлах ангид орох үедээ үндэсний бөх, чөлөөтөөр ноцолддог болсон. Багшийнхаа зааснаар Архангайн Багшийн сургуульд элсэж, бас барилдаж оюутны чөлөөтийн аварга болж байлаа.
-Хүмүүс ном их уншдаг байж билээ, сайхан үе санагддаг юм?
-Тийм шүү, сумын төвд тэр бүр шинэ ном ирэхгүй. Сард шуудан ганц хоёр удаа ирэхдээ цөөн хэдхэн ном, хэвлэл авчирсныг багш, дарга нар түрүүлээд авчихна. Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” роман гэхэд л суманд хэдхэн байх. Гараас гар дамжуулж уншсаар навтарга болчихсон. Ер нь, хэнийд ямар ном байгааг андахгүй мэдэцгээдэг байлаа.
-Хамгийн анх уулзаж байсан зохиолч хэн байв?
-Зохиолч, түүхч, утга зохиол судлаач Д.Сүръяа гуайг анх зохиолч гэж харж байлаа. Ихэрийн өрөөсөн нь Д.Адъяа гэж багш байсан. Д.Сүръяа гуай Монгол ардын тууль “Гэсэр”, “Жангар”-ыг судлан орчин цагийн монгол хэлний шүлгийн хэлбэрээр өсвөр үе хүүхдийн зохиол болгон бэлтгэсэн хүн шүү дээ. Их оюунлаг, манай суманд дандаа удирдах ажил хийсэн. Б.Ринчен гуайтай төстэй ч гэмээр, Маркс, Энгельс нар шиг бавайсан цагаан сахалтай хүн л дээ. Зохиолч гэхээр л Д.Сүръяа гуай санаанд буудаг байлаа. Дараа нь, Н.Нагаанбуу ах манай Гуулинд ажиллаж байх үед нь харсан. Тариалангийн талбайн хажууд улиасан шугуй, бас голтой. Н.Нагаанбуу гэдэг цагаан хувцастай хүн оройд шугуйн захаар юм бодчихсон алхаж явах. “Зохиолч хүн л ингэдэг юм байх даа” гэж бодно. Аавтай их дотно. Аав “Энэ хүн мундаг том зохиолч болно. Хүүгээ шавь оруулна” гэдэг сэн. Хүүхдүүд дундаас нь би илүү их уншиж харагдсан уу, ямартаа ч аав намайг зохиолчид шавь оруулах тухай ярьсан удаатай.Мөн манай суманд Нохойхүү гэж зохиолч байх. Тэр хүн олны мэддэг З.Ядмаа, И.Цэрэнжамц ах нар шиг л шог зохиол бичнэ. Тухайн үед Д.Сүръяа, Н.Нагаанбуу ах нарын шүлэг бүтээл, Нохойхүү ахын ёгт бичлэгүүд “Алтайн үнэн” сонины дугаар бүрт гардаг байлаа. Аавын маань сургамж, энэ мундаг хүмүүсийн байдал л миний зохиолч болох замыг нээсэн байх. Ер нь, би зохиолч болж аавынхаа хүслийг, дутуу орхисныг нь гүйцээсэн болов уу гэж боддог. Аав маань 17 настайдаа өнчирч, дүү нараа тэжээхийн тулд амьдралын эрхээр хар бор ажил хийж, жолооч болсноос биш жинхэнэ оюунлаг хүн. Зохиолч болохгүй ч мундаг багш байх хэмжээний хүн л дээ.
-Анхны шүлгээ хэзээ бичиж байв?
-Дунд сургуульд шүлэг бичиж, долдугаар ангид байхад аймгийн сонины “Оч” буланд гурван шүлэг хэвлэгдэж, баярлаж байсан. Сургуулийн захирал, багш нар, нутгийнхан хүртэл “Манай нутгаас зохиолч төрөх нь, авьяастай хүү юм” гэцгээгээд л. Илүү их урам зориг, хүсэл тэмүүллийг надад өгсөн дөө. Сонины буланд гарсан жижигхэн зурагтай шүлэг маань төгстөл сургуулийн самбар дээр байсан. Шинэ жил, урлагийн үзлэг болоход, эсвэл ханын сонин хийх, багш нарт зориулсан шүлэг, элэглэл бичих ажил шууд л сургуулийн “зохиолч”-д ногдоно шүү дээ /инээв/. Архангайд оюутан болж ирэхэд тэнд Ж.Батсайхан /МЗЭ-ийн шагналт/ ах шиг том яруу найрагч байгаагүй. Манай сургууль шүлэг бичдэг хүүхдүүдийг нэгтгээд дугуйлан хичээллүүлдэг.Багш маань Ж.Батсайхан ахыг урьж оюутнуудтай уулзуулж, мань хүн ч мундаг ярьсан болохоор бүр биширчихсэн.Ингэж л анх зохиолч гэж харсан, уулзсан хүмүүс гэвэл энэ хэд дээ.Дараа нь, Архангайн том зохиолч Ц.Уламбаяр, О.Цэнд гуай нартай уулзуулж, улам их биширч, зохиолч гэж ямар хүмүүс байдгийг таньсан. Харин би сургуулиа төгсөөд нутагтаа очиж багшилсан даа.
-Ах дүү нараас тань багш, зохиолч болсон хүн бий юу?
-Том ах багш, удаах ах математик, физик талдаа мундаг байсан ч өөрөө сургуулиар яваагүй. Дараагийн ах жолооч болж, одоо жолооны авто сургуулийн захирлаар ажилладаг. Миний дараагийн дүү Анагаахын шинжлэх ухааны доктор, хүүхдийн эмч Н.Энхбаярыг хүмүүс андахгүй. Бусад дүү нар шашны салбарт, малчин, ажилчин гээд янз бүрээр л амьдралаа бүтээж явна.
Би ер нь, наймдугаар анги хүртлээ шинэ хувцас өмсөж үзээгүй. Том ахад шинэ хувцас авч багадвал дүү нарт нь өмсгөдөг байсан. Ах нарын гутал, дүрэмт хувцас нь багадаж урагдвал ээж цэвэрхэн нөхөж, өөрчилж, багасгаж оёод бидэнд өмсүүлнэ. Надаар дамжаад л дүү нар руу явна шүү дээ /инээв/.
-Анхны шинэ хувцсаа ямар баяраар авхуулж байв даа?
-Наймдугаар анги төгсөөд оюутан болоход аав биеийн тамирын цэнхэр хослол авч өгсөн нь санаанаас гардаггүй юм. Тийм хувцас их л үнэтэй байсан шиг санагддаг. Тэр хослолыг төгстлөө өмссөн дөө.
-Яруу найрагч хүнд анхны шүлэг, анхны ном маш үнэтэй. Та анхны номоо нэлээд эрт гаргасан байх аа?
-Хоёрдугаар курст байхаасаа шүлэг их бичиж, 1992 он хүртэл бичсэн шүлгүүдээрээ “Дэлхий дүүрэн хайр” номоо хэвлэж байлаа. Тэр номоос маань МУГЖ Х.Болормаагийн “Намрын өнгө орлоо ээжээ” тэргүүтэй цөөнгүй дуу төрсөн. Би сумандаа багшилж байсан болохоор хэн ч танихгүй. Хотод нэг удаа ирэхдээ Үндэсний телевиз, “Үнэн” сонин гэхчилэн зохиолч, бичгийн хүмүүсийн хөл ихтэй томоохон байгууллагуудын үүдэнд сууж байгаад зүс таних, танихгүй зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч байрын хүн л харагдвал номоо бэлэглээд байсан. Ер нь, уран бүтээлч хүнд нэг мэдрэмж байдаг даа. Үлдсэнийг нь “Зохиолч, уран бүтээлчдэд өгөөрэй” гээд жижүүрт нь захиад үлдээсэн. Тэгж тараасан номнуудын зарим нь хөгжмийн зохиолчдын гарт орж, хэд хэдэн дуу төрсөн байж билээ. Сонирхуулахад “Намрын өнгө орлоо ээжээ” дууны клип дээр одоог хүртэл С.Пүрэв гэж бичсэн байдаг юм. Тэр үед намайг танихгүй болохоор Пүрэв л гэхээр номын авторыг сайн анзааралгүй шууд л Санжийн Пүрэв гуайг гэж бодсон байх л даа.
-Энэ дуугаа хамгийн анх хаана сонсов?
-1994 онд байх аа, Улаанбаатарт ирээд микроавтобусанд суутал FM-ээр нэг л их таньдаг үгтэй дуу яваад байна. Жолооч нь хажуудах хүндээ “Энэ их гоё дуу гарсан байна лээ” гээд хөгжмөө чангаллаа. Тэгсэн дахилт дээр нь шүлгээ таньж, дотроо бөөн баяр.Дөнгөж ХИТ болсон үе нь юм билээ. Хөгжмийн зохиолч нь Аранзаа буюу Б.Бат-Эрдэнэ /МУГЖ Х.Болормаагийн нөхөр/. Дараа нь, бид хоёр цөөнгүй дуу хийсэн.Мөн “Хурд” хамтлагийн “Тоотой санагдах юм” дууны шүлгийг бичсэн. Эдгээрээс гадна намайг урамшуулсан дуу бол Т.Найданжав ахын аялгуу “Нутгаа санаад уйлдаг сэтгэл” байна. Энэ мэт цөөнгүй дуу гартал хөгжмийн зохиолчид ч хамтарч ажиллах санал тавьж, өөрийн эрхгүй л дууны уран бүтээл рүү татагдаад орсон доо. Дараа нь, 2004 онд “Сэтгэлийн гэгээ”, 2008 онд “Цаг хугацааны гуниг”, 2010 онд “Тэнгэрийн зарлигаар” номоо бүтээсэн. Эдгээр номд орсон хайрцаглаж бичсэн ихэнх шүлэг дуу болсон. Жишээ нь, Л.Чулуунбаатарын “Цэцгэнд төөрсөн эрвээхэй”, Б.Болдбаатар, М.Отгонгэрэл-ын “Хайр буруугүй”, Б.Болд, Э.Чулуунчимэгийн “Зүүдний амраг”, Д.Пэрэнлэйлхагвын “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй” зэрэг олон дуу ХИТ болсон. Ер нь, дуунуудаа тоолбол зуу хүрэх байх. Одоо харин аав, ээж, нутаг усны тухай дуунуудаараа цомог гаргахаар төлөвлөж байгаа. Аав Р.Намбар, ээж Н.Цэрэн хоёр маань энэ жил 80, би 50 нас хүрлээ. Тиймээс хоёр хөгшиндөө зориулан сэтгэлийн бэлэг болгох цомгоо МУГЖ Л.Болдбаатарын дуулсан “Хувьхан заяаны харгуй” дуугаараа нэрлэнэ дээ. Цомгийн дараа яруу найргийн нэг ном гаргахаар төлөвлөсөн.
-Та ер нь их уян зөөлөн, дотроо аялгуутай хүн шиг санагддаг?
-Манай удмынхан зөөлөн чанарын хүмүүс л дээ. Аливаа юмыг сайн талаас нь харна, их өрөвдөнө, өширөхөөсөө урьдаар ойлгохыг хичээнэ. Анх уулзаж буй хүн намайг “Их зантай” гэж дүгнэдэг шиг билээ. Гэвч харагдах өнцөг өөр шүү дээ. Чи бид хоёр эртний танил тул намайг сайн мэдэж байна.
-Сүүлийн үед дуртай нь шүлэг шиг юм бичээд, мөнгөөр аялгуу хийлгэж, дуулуулдаг болж. Энэ талаар?
-Үнэндээ дуу, дуучин хоёр олширсон. Захын дуучин л “Таны шүлгээр дуу хийж дуулъя” гэдэг болж. Чанартай, үнэ цэнэтэй, зөв уран бүтээл хийе гээд тэр бүхэнд нь шүлэг өгөлгүй татгалздаг болсон. Манай бусад яруу найрагчид ч ялгаагүй. Гэтэл бидний орон зайг сонирхогчид эзэлж байна. Шударга хэлэхэд барилгын компанийн захирал, газар тариалангийн эзэн, уяачид, өндөр тэтгэвэртэй хөгшчүүл гэхчилэн мөнгөтэй хүмүүс шуураад орж ирлээ. Мөр толгой холбосноо шүлэг гэж ойлгодог. Хүний эрх юм хойно яалтай ч билээ. Харин хатуухан хэлэхэд хөгжмийн зохиолчид мөнгө харж биш, уран бүтээлээ, үнэ цэнээ бодож ийм юмнаас татгалзмаар байна. Авах юмгүй үгэнд хайран сайхан аялгуу хийдэг болж. Анх над руу “Дууг чинь дуулъя” гэж танихгүй дуучин яривал баярладаг байлаа. Одоо бол “Шүлгийн хэр мэдрэмжтэй бол” гэж болгоомжилдог болсон. Учир нь, яруу найрагч нэг санааг арай өөрөөр илэрхийлдэг. Гэтэл тухайн дуучин түүнийг ойлгохгүй, мэдрэхгүйгээс хэт амархан, энгийн үгээр орлуулах гэж, эсвэл нугалаагаа буруу дуулдаг. Одоо зарим дуучид нь биднээс шүлэг асуухаа ч байсан. Учир нь, яруу найрагчдаас шүлэг авбал мөнгө төлж ч мэднэ, дээр нь энгийн модон үг хэллэгтэй бичихгүй. Бас өөрчлөхгүй гэнэ. Тиймээс өнөө хэдэн мөнгөтэй хүмүүсээс үг авч дуулаад, FM-ээр өдөр шөнөгүй “нүдэж” танил болгоё гэж боддог болж. Гэвч тэдгээр нь хэдхэн сарын л настай байна шүү дээ.
-Оюутан байхад та болон Д.Болдхуяг, Л.Ганзул, О.Нандинцэцэг гээд дээд үеийн хэдхэн яруу найрагч бидэнтэй хамт явж, хөлсний умгар өрөөнд минь шөнөжин шүлэг дуудалцаж хонодог байсан даа?
-Тийм шүү, би их залуул сэтгэлгээтэй. Танай үеийнхэнтэй маш дотно яваа. Шүлэг бичиж эхэлсэн үеэ яривал А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ц.Хулан гэхчилэн 1990-ээд оны үеийн яруу найрагчид. Тэдэнтэй найзууд. Харин хөдөө багшилж, Солонгос яваад 2004 онд ирэхдээ уулзсан нь “Шинэ мянганыхан” буюу С.Ууганбаяр, Г.Сонинбаяр, Д.Хулганажав, Л.Ганзул... гээд олон яруу найрагчтай нэг үе болсон.
-Таныг Солонгос руу их хөгтэй гарч байсан гэж сонссон. Энэ талаараа сонирхуулбал?
-Би 1994 онд Солонгос руу ажиллахаар гарсан анхны 120 Монголын нэг шүү дээ. Ардчиллаас өмнөхөн сургууль төгсөөд очих үед аав, ээж тэтгэврийнх, дөрвөн ах ажилтай, өөрсдийгөө болгодог байлаа. Гэтэл ардчилал гарч, би өөрийгөө болон дүү нараа авч явах үүрэг ногдох шиг болсон. Би худлаа хэлж, хулгай хийж, хувьсгал ярьж хэн нэгний ар өвөрт гүйж чадахгүй. Сайхан амьдрал босгох боломж нь Солонгос явах л санагдсан. Тэгээд ажлаасаа гараад, Солонгос явахаа хэлэлгүй аав, ээж, дүү нараа аваад хотод ирж байлаа. Хоёр хөгшин “Чи ажлаа хий, бид хоёр тэтгэврээрээ дүү нарыг чинь сургаж чадна” гэхээр нь “Үгүй ээ, надад өөр бодол бий” гэж хэлсэн юм. Аавынх 461-д цөөн хэдэн малтай төвхнөж, дүү Н.Энхбаяр Анагаахын сургуулийн оюутан болсон тул бид хоёр IV дэлгүүрийн тэнд нэг өрөө хөлсөлж суулаа. Гэрийнхэндээ явах саналаа хэлтэл аав уурлаж, ээж бүр дуугардаггүй. Нэгэнт шийдсэн болохоор Эрээн явдаг хэдэн найзаасаа мөнгө зээлээд Солонгосын Элчингийн үүдэнд 06.00-22.00 цаг хүртэл сахьж суудаг “ажилтай” болсон. Орж гарч буй хүмүүс нь дандаа л дарга цэрэг, баян тансаг хүмүүс харагдана. Мань мэт шиг муу хувцастай юмыг ёстой “гөлөөг” ч гэхгүй. Арав орчим хоног хүмүүсийг ажиглатал нэг эгч л надад тусалчих юм шиг харагдлаа. Нэлээд нөлөөтэй байрын, гял цал харагдах ч дотор хүн нь зөөлөн шинжтэй. Тэгсэн тэр эгч Элчингийн дэд дарга нь ч юм уу байж л дээ. Жижүүр эмээ намайг бүр таньдаг боллоо. “Хөөрхий дөө, чиний хүсэл биелнэ ч гэж юу байх вэ” гэнэ. Өнөө эгчийн өрөөнөөс хоёр, гурван ч удаа хөөгдлөө. Аргагүй шүү дээ, хүн орохоор нь нэг нөхөр үе үе дагаж орж саад болоод байхад /инээв/. Виз 120, дамаар бол 300-350 ам.доллар гэж сонссон ч би 80 ам.доллартай. Дөрөв дэхээ хөөгдөж, жижүүр эмээд “Энэ нэг юмыг гарга даа” гэтэл эмээ тохойноос татаад “Миний хүү байж бай” гэж шивнэлээ. Тэгснээ “Одоо ажил тарж байна, наад дарга чинь цаг орчим сууна байх. Би чамайг дагуулж оръё” гэлээ. Эх хүн тийм л сайхан даа. “Ажиглаад байхад чи гарч юм идэхгүй байна” гээд пирошки өгнө. Хөөрхий, өдөр хүмүүсийн дундуур гарахыг заримдаа анзаардаггүй байж. Эмээ намайг дагуулж ороод “Оюунаа /Оюунцэцэг/ миний дүү энэ хүүхдэд тусалчих. Энэ хүү манай Элчингийн үүдэнд нэг сар шахам суулаа. Дүү нартай чинь ялгаа юу байх вэ” гэв. Тэр эгч 13 хүүхэдтэй айлын том нь байж л дээ. “Наад нөхөрт чинь визний мөнгө байгаа юм уу Рэнцэн эгчээ” гэж байна. Би байгаа мөнгөө гаргаад өгтөл “80 ам.доллараар виз гардаг гэж хэн хэлэв. За яах вэ, та энэ бичиг баримт, мөнгийг нь авч үлдээд явуул” гэлээ. Тэгээд хажуу айл улсын начин Д.Жавзанжамъянгийн утсыг өгчихөөд хүлээгээд байтал нэг өдөр эмээ “Одоохон, миний хүү 20 ам.доллартай ир” гэхээр нь мөнгөгүй ч гүйгээд очтол гурав хоногийн дотор олоод ир гэнэ.Би 30-ыг олоод 10-ыг нь эмээдээ өгчихөөд хариу хүлээхээр аавын хамаатан Г.Зуунай /УИХ-ын гишүүн асан/ ахынд очиж утсыг нь чагнаад хэвтчихсэн. Тэгсээр нэг өдөр утас дуугарч, сайхан мэдээ дуулж, эмээ миний өгсөн 10 ам.доллар дээр 25 төгрөг нэмж буцааж өгч билээ. Г.Зуунай ахын өгсөн 25 төгрөгийг дүүдээ “Үүгээр нэг хэсэг амьдар” гээд өгчихлөө. Онгоцонд суутал наймаачин хоёр эгчтэй нэг эгнээнд таарсан.Тэд хаачих гэж буйг асуухаар нь учраа хэлтэл “Тосох хүн бий юу” гэж байна. Байхгүйгээ хэлтэл толгой сэгсрээд л... Сөүлд буутал надаас бусад нь тосох хүнтэй юм. Монголчууд буудаг буудлыг нь би заалгаж авсан л даа. Өнөө хоёр эгчийг дагаж буудалд очоод үүдэнд нь суучихлаа. Буудал хямд нь 50 ам.доллар, мөнгө хүрэхгүй юм чинь яах вэ дээ /инээв/. Оройхон нэг нь гарч ирээд “Чи өрөө авахгүй юм уу” гэхээр нь мөнгөгүйгээ хэлтэл “Чи мөн сонин хүүхэд юм аа. Олон хүн бужигнаад орж ирэх үед нь чи дээшээ анзаарагдалгүй гараад манай өрөөнд оч” гээд дугаараа хэлж, би ч хэлснээр нь орсон. Ингээд өрөөнөөс нь гарах эрхгүй, нууцаар хэд хоносон. Тэр хоёр гарч ороод, ийш тийш нь яриад л... “Аа, тийм хүнд ажил хийж чадахгүй ээ, жаахан биетэй” гээд л салгачихна. Би ч “Чадна” л гээд байдаг /инээв/. Тэгсээр хөөрхий картонон цаасны үйлдвэрт ажилд оруулаад, түрүүлж очсон гэр бүлийн хоёр залууд захьж өгсөн. Тэр гэр бүлийн хоёр залууд цалингаасаа өгөхөөр тохирсон ч сүүлдээ надаас аваагүй ээ, хөөрхий. Ингэж л Солонгост хөл тавьж байлаа. Ажил хийж орон сууцаа авч, ах дүүс маань нэг хэсэгтээ л тэр байраар дамжиж, бужигнасан. Сүүлд нь харин яруу найргийн буянаар бичиг соёлынхонтой нь холбогдож, хэл сураад хар ажлаас салсан. Ингээд Монгол, Солонгосын утга зохиолын “гүүр” болох ажилд оролцож эхэлсэн дээ. Солонгост байхдаа хүмүүстэй хамтраад “Сөүлийн цэнхэр өдрүүд” ном гаргаж байлаа.
-Мөн ч их адал явдалтай замыг туулж дээ. Таны гэр бүлийн тухайд?
-Ханийг минь Д.Чимэгээ гэдэг, багш мэргэжилтэй. Намайг Солонгос явахад эхлээд эргэлзэж, дараа нь дэмжсэн л дээ. Бид хожуу гэрлэж, хоёр хүүтэй болсон. Томыг нь Зоригзуунай гэдэг. Зориг агсан, Зуунай ах хоёрыгоо их хүндэтгэдэг байсан болохоор ингэж нэрлэсэн юм. Удаах хүүд ах нь Зөөлөнзаяа гэж нэр өгсөн. Дүү нь төрөх дөхөж байхад хүү маань “Дүүгээ гарахаар Зөөлөнзаяа гэж нэрлэе. Би тэгж зүүдэлсэн юм” гэсэн, бид ч зөвшөөрсөн.
-Ярилцсанд баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
М.Наранболд