Монголын загварын ертөнц дэх эрэгтэй хослол “эх баригч”

-Хүзүүний ороолтоос “төрсөн”эрэгтэй хослол-

Монголын загварын ертөнцөд өвөрмөц хэв шинжийг агуулсан содон бүтээл урлаж, өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгожяваа дизайнер Н.Үнэнбатыг “БҮТЭЭЛЧ МОНГОЛ” цувралдаа онцоллоо. Тэрбээр өөрөө бүтээл хийхийн хажуугаар олон шавь төрүүлж, амжилтынх нь  зүг хөтөлсөн нэгэн. Хүүхэд ахуй  наснаасаа хувцас загварын салбарт эргэлт буцалтгүй “дурлаж” өнөөг хүртэл бүтээж, шаглах үйлсээ үргэлжлүүлсээр явна. Түүний хувьд наймдугаар ангийн сурагч байхдаа анхны бүтээлээ гаргаж байсан түүхтэй. Загварын ертөнц өөрийн гэсэн дүрэм, нарийн аргачлалтай. Тэдгээрийн нэг нь эрэгтэй хослол оёх. Ийн тодотгох болсон нь эрэгтэй хослол хийхэд ажиллагаа ихтэйгээс гадна гарын ур дүй шаардагаараа онцлог. Үүнийг ч энэ салбарынхан ярьдаг, хүлээн зөвшөөрдөг.

Баргийн хүн зориглож хийгээд байдаггүй гэсэн үг. Харин Н.Үнэнбатын хувьд эрэгтэй хослол үндсэн ажил нь. Анх өөртөө зориулж хослол хийж байсан нь тухайн үедээ тренд болж байжээ. “Эрэгтэй хослолыг анх гар оёдлын машинаар оёж сурсан. Савхин захтай хар хослол хийсэн. Аравдугаар ангийнхаа хонхны баярын хослолыг өөрөө оёж өмссөн юм. Цагаан өнгөтэй таван хосоос бүрдсэн. Одоо бодоход өөрийгөө их зоригтой байсан юм байна гэж боддог. 1995 оны үед Цагаан сараар айлууд торгон хүзүүний ороолт бэлэглэдэг байлаа. Тэр ороолтуудыг задлаад жилетик хийсэн. Тухайн үед сул цамцан дээр жилетик өмсдөг мода дэлгэрч байсан үе. Найзууддаа хийж өгөхөөс гадна сонирхсон хүмүүст нь боломжийн үнээр зарчихдаг байсан” хэмээн Н.Үнэнбат ярилаа.

10 жилийн сурагч хүү оёдлын сургалтад суусан үеэс хувцас загварын салбар руу эргэлт буцалтгүй орсон нь энэ байв. Хүүхдүүд ирээдүйд сурч боловсрох мэргэжлээ ихэвчлэн эцэг эхтэйгээ зөвлөлдөж гаргадаг. Харин Н.Үнэнбат дизайнер болох шийдвэрийг ганцаараа гаргаж, Урлах эрдмийн дээд сургуульд шалгалт өгчээ. 300 сурагч шалгалт өгснөөс тэрбээр 24-т жагсчээ. Сонирхолтой нь, түүнийг дизайнерын мэргэжил сонгосныг гэрийнхэн нь мэдээгүй гэдэг. Н.Үнэнбатын хэлснээр “Миний хүү бие бялдарын хөгжил болон биеийн тамирын хичээлдээ сайн болохоор Батлан хамгаалахын их сургуульд ор” гэж ээж нь зөвлөдөг байжээ. Гэвч тэрбээр өөрийн сонголтоо хийж, элссэн сургуульдаа амжилттай суралцаж, загварын ертөнцөд хөл тавьжээ. Өдгөө Н.Үнэнбатыг олон шавь төрүүлснээс гадна баргийн дизайнер хийгээд байдаггүй эрэгтэй хослолын томоохон төлөөлөл гэдгийг энэ салбарынхан ярьдаг юм билээ.

“Тэтгэвэрт гардаггүй мэргэжил бол дизайнер” гэж ярих Н.Үнэнбат “UNJEE FASHION ART SALON”-ыг нээн ажиллуулаад олон жилийг ардаа үдэж байна. Үйлчлүүлэгчийн хүссэн хувцсыг чанарын өндөр төвшинд сэтгэлээ шингээн урлах нь түүний зорилго. Үйлчлүүлэгчдийнхээ баярлаж, талархсан урмын үгээр услагдаж, илүү сайн бүтээл урлахыг зорьдог тэрбээр эрчүүдэд зориулсан ажил хэрэгч хослолын бүрэн хэмжээний коллекц хэд хэдэн удаа гаргажээ.Үүнээс гадна БНХАУ-ын зарим хотоос хамтарч ажиллах санал ирсний дагуу харилцан тохиролцож, хэсэг хугацаанд тэнд ажилласан байна.

-Монголдоо анхдагч эрэгтэй хослолын иж бүрэн коллекц-

Хувцас бурхан бие чөтгөр гэж үг бий. Биед таарч, сэтгэлд нийцтэл хүссэн загвараар хувцас урлана гэдэг амар ажил биш. Тиймээс гоо зүйн өндөр мэдрэмж, уран сэтгэмж, хувцасны үүх түүх, үндэс угсаа, түүнийг тойрсон мэдлэг мэдээлэлд үндэслэн загвар гаргах дизайнерт тавигдах энгийн шалгуур. Үүний адил Н.Үнэнбат үйлчлүүлэгчийн хийлгэхийг хүссэн хувцсыг судлах, судалгааны ажлыг давхар хийдэг гэнэ. Захиалагчийнхаа дотоод ертөнцийг судалж, өөрт нь зохих загварыг санал болгохын зэрэгцээ харилцан ярилцсны үндсэнд хувцас бүтээх нь түүний онцлог.Тэгэх нь ч аргагүй. Аливаа ажлыг, тэр дундаа хувцсыг судалгаагүйгээр хийвэл захиалагчид гологдоно, үйлчлүүлэгчээ алдах учраас нарийн хандах нь чухал. Н.Үнэнбатын баримталдаг зарчмуудын нэг нь ч энэ.

Тэрбээр загвар бүртээ уран чадвар, ур дүйгээ шингээдэг учраас баргийн үйлчлүүлэгчид гологдохгүй. Цаашлаад мини болон бүрэн хэмжээний коллекц гаргахад түлцэх болжээ. Тухайн коллекцод толилуулж буй загварууд нь өвөрмөц шийдэл, өөр өөрийн өнгө төрх, хэв шинжийг агуулснаас гадна улиралынхаа загварын чиг хандлагыг тодорхойлдог гэнэ. Нэг коллекц гаргахад мэдээж чамгүй хугацаа шаардана. Хувцасныхаа загварыг зурах,  материал сонгох, эсгэж оёх, эцсийн гүйцэтгэл хүртэл олон шат дамжлага хэрэгтэй. Анхны коллекцоо 2002 онд эмэгтэй хослолоор гаргаж байсан бол түүнээс хойш шат дараалалтайгаар мини болон бүрэн хэмжээний коллекц гаргажээ.

Энэ талаар Н.Үнэнбат “2006 онд өдөр тутмын үндэсний хэв шинжийг агуулсан коллекцоо гаргасан. Урлах эрдэм дээд сургуулийн багш нарын дунд зохион байгуулсан тэмцээнд зориулж мини коллекц гаргасан юм. 2011 онд “Ulaanbaatar Fashion weeк”-д бүрэн хэмжээний эрэгтэй коллекцоор оролцсон. 90орчим эрэгтэй пиджак оролцуулсан гэдгээрээ онцлог загварын шоу. Машины оёдол ерөөсөө ороогүй,бүгдийг нь гар аргаар оёсон загвар ч орсон. Загварын шоуны онцлог нь гурван хэсгээс бүрдсэн. Эрэгтэй хослолыг хийхэд маш хэцүү, ажиллагаа ихтэй. Ур дүй шаардана. Ер нь хийхээс төвөгшөөдөг” гэлээ.

“Оёдолчин больё гэвэл эрэгтэй хослол оёод сурчих”

Tailer гэдэг нь оёдолчин гэсэн утгатай үг гэнэ. Дээд зэрэглэлийн оёдолчин гэсэн үг гэдгийг Н.Үнэнбат онцлов. Түүний хэлснээр Европт tailer газар л хослол хийдэг аж. Тэнд хийсэн хослол өндөр үнэтэй байдаг шалтгаан энэ юм байна. “Монголд чи оёдолчин больё гэвэл эрэгтэй хослол оёод сурчих гэдэг. Хэрвээ оёж чадвал чамайг оёдолчин гэж бодъё гэдэг. Эрэгтэй хослолыг эсгэж, оёоход ажиллагаа ихтэй. Хүмүүс төдийлөн оёдоггүй. Классик болтлоо хөгжчихсөн. Дээд цэгтээ хүрчихсэн учраас дахиж шинэ загвар гаргана гэдэг хэцүү, төвөгтэй. Миний гаргаж байсан коллекц гурван хэсгээс бүрдсэн. Нэгдүгээр хэсэгт, өдөр тутамд өмсөхүйц загварыг голчилсон бол хоёрдугаар хэсэгт гоёлын маяг оруулсан. Гуравдугаар хэсэгт өвөрмөц байдлыг онцлохыг зорьсон” гэв.

-“Гэгээн муза”-гийн тод өнгө-

Н.Үнэнбат дизайнерын ажил эрхлэхээс гадна УДЭТ-т 2015 онд Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулан тавьсан “Ромео Жульетта” сонгодог жүжигт Д.Ариундэлгэр багшийн хамт хувцас болон тайзны зураачаар ажиллажээ. Анх удаа тайзны зураачаар ажилласан ч алдаа дутагдал гаргалгүй ажиллаж чадсан түүнд “Гэгээн муза-13”-ын “Шилдэг тайзны зураач” хэмээх эрхэм нэр хүндтэй шагналыг хүртээжээ.

20 гаруй жилийн турш Монголын хувцас загварын салбарт өөрийн орон зайг бүтээж яваа Н.Үнэнбатын амжилт үүгээр хязгаарлагдахгүй. Манайдаа л анхдагч, дахин давтагдашгүй бүтээлүүдийг нь хүлээн зөвшөөрсөн гэлтэй шагнал, урамшуулал түүнд олон бий. Гэхдээ шагнал урамшууллаас илүү Н.Үнэнбатыг хөглөдөг нэг зүйл нь загварын салбарт амжилттай яваа гарын шавь нар нь.

Ийнхүү хөөрөлдөх зуур бидний яриа өндөрлөх тийшээ хандлаа. Н.Үнэнбат хүүхдэд зориулсан коллекц болох дээлний эсгүүрээ гаргахаар оёдлын машиныхаа зүг хөдлөв. Хэрвээ тэр ээжийнхээ саналыг ёсоор болгож Батлан хамгаалахын их  сургуулийг сонгосон бол өдгөө төрдөө тангараг өргөсөн цэргийн алба хаагчаар ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Гагцхүү Цагаан сараар айлуудын бэлэглэдэг торгон хүзүүний ороолтыг задалж, хонхны баярынхаа хослолыг хийж байсан арван жилийн хүүгийн хүсэл, эрмэлзэл өнөөдөр түүнийг Монголын загварын ертөнц дэх эрэгтэй хослолын “эхийг баригч”-ийн хэмжээнд авчирсан нь Н.Үнэнбатын сонголт зөв байсныг илтгэх буй за. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг нь энэ. Нэмж дурдахад Монголд эрэгтэй хослолын суурийг тавьж, өнгө төрхийг тодорхойлох болсон түүний урлангийн салшгүй нэг хэсэг нь түүний эхнэр. Урлангаа нээсэн цагаас өнөөг хүртэлх хугацаанд тэд нэг биеийн хоёр тал болж олон мянган хувцас хамтдаа урлаж,  хэрэглэгчдэд хүргэснийг энд тодотгох нь зүйн хэрэг.

С.Ичинхорлоо