Ч.Сайханбилэг: З.Энхболд шиг шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй ээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг гадаадын улс орноос иргэншил хүссэн талаарх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгөх болсон талаарх мэдээлэл хийх үеэрээ "Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай ГХЯ-нд мэдэгдсэн байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй" хэмээн ярьсан байдаг.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өчигдөр нэг масктай нөхөр ордны тайганаас, намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.

Монгол хүн байна, гуравхан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө" гэжээ.

Түүний хувьд өөрийгөө өмгөөлүүлэхээр АНУ-ын “Amsterdam&Partners” компанитай гэрээ байгуулсан талаар тус компанийн вэб сайтад нийтлэгдсэн байдаг. Улмаар тус компанийн үүсгэн байгуулагч, хуульч Роберт Амстердам “Монголын төс засаг шүүхийн хараат бус байдал, хууль дээдлэх зарчимдаа халдаж байна. Өнөөгийн төр засгийн удирдлагууд авлигын эсрэг ажиллах нэрийдлээр ардчиллыг булшилж, өрсөлдөгчийнхөө эсрэг шүүх байгууллагыг хөдөлгөж байна. Ч.Сайханбилэгийг Монголд байхад нь шүүхийн зохих шийдвэргүйгээр, хууль бусаар  баривчилсан учраас одоо АНУ-д байгаа" хэмээн мэдэгдсэн байдаг.