Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар холбогдох албаны удирдлагуудтай уулзалт хийж, мэдээлэл сонслоо.


Мэдээллийн эхэнд “Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг баталсантай холбогдуулж Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байна. “Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна.

Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа” гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.

Уулзалтад ирсэн “ХААН” банкны төлөөллийнхөн нэгдүгээр сард суутгаж авсан тэтгэврийн зээлийг тухайн сардаа багтаан тэтгэвэр авагчийн дансанд шилжүүлсэн гэдгийг онцолсон юм. Тус банк 540 орчим салбарт 2.4 сая хадгаламж эзэмшигчтэй. Банкны хувьд орон нутгийн бүх салбар нэгж болон нийслэлийн зарим салбар, нэгжээр дамжуулан нийт тэтгэвэр авагчийн 62 орчим хувьд нь тэтгэвэр олгодог аж. 

Харин Төрийн банкны зүгээс 160 мянга орчим ахмад настанд тэтгэвэрт олгож хийж дууссаныг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн хэллээ. Салхитын мөнгөний ордоос хөрөнгө босгох асуудлаар "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн мэдлийнх. “Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Одоо арилжааны банкуудтай 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Ойрын хугацаанд бонд арилжах гэрээг банкуудтай байгуулна” гэв.

Төгсгөлд нь “Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой учир нүсэр ажил юм. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг.

16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна” гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.