УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчилна

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-д айлчлахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдлээ.

УИХ Монгол Улс, Америкийн нэгдсэн улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх тухай асуудлаар 1998 онд тогтоол баталж байсан бөгөөд Монгол, Америкийн өнөөгийн харилцааны хөгжил, ололт амжилтыг  харгалзан, 1998 оны тогтоолыг хоёр талын хамтын зорилт, цаашдын төлөвтэй уялдуулан шинэчлэх саналтай байна. Тогтоолыг УИХ-ын даргын айлчлалын өмнө батлах нь айлчлалд нөхөрсөг, дотно уур амьсгал бүрдүүлэхээс гадна Конгрессын зүгээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг батлахад чухал түлхэц болно гэж үзэж байгаа аж.

Тогтоолыг шинэчилж, АНУ-тай тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг онцолж тусгах нь Монголын төр, засгийн зүгээс АНУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болохын зэрэгцээ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бататгаж, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцлов.