Капитал банкинд зээлтэй иргээд үргэлжлүүлэн төлнө

Монголбанкнаас өнгөрсөн даваа гаригт Капитал банкийг татан буугдсан албан ёсоор зарласан. Тодруулбал, Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, олон нийтэд мэдээлсэн юм. Капитал банк татан буугдсанаар иргэд хадгалуулсан мөнгөө хэрхэн авах уу, яаж авах уу зэрэг олон асуудал гарснаас тус банкаар дамжуулан орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан зээлдэгчид хэрхэх вэ гэдэг иргэд хариулт нэхэж байна. Энэ талаар Монголын Ипотекийн корпорациас тодруулахад "Тус банкаар орон сууцны ипотекийн зээлдэгчийн зээл болон зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт орохгүй. Эдгээр иргэд зээлийн эргэн төлөлтөө өмнө нь төлж байсан дансандаа хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэнэ. Мөн Капитал банк татан буугдсантай холбогдуулан Монголбанкнаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд уг асуудлаар холбогдох шийдвэрүүд гарах хүртэл Капитал банкаар дамжуулан орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан зээлдэгчдийн орон сууцны зээлийн гэрээтэй холбоотой хүсэлтийг түр хугацаанд шийдвэрлэх боломжгүй байна. Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд бид эрх бүхий байгууллагуудтай хамтран  ажиллаж байна" гэлээ.