Д.Сарангэрэл: Хүнд цаг үед тулгарсан ч тусламж үзүүлсэн АНУ-ын Засгийн газарт баярлалаа

COVID-19 халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд АНУ-ын Засгийн газраас манай улсад коронавирустэй тэмцэхэд дэмжлэг болгон 1.2 сая ам.доллар хандивласан юм. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Энэ чухал үед бидэнтэй хамт байгаа АН-ын Засгийн газарт Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн салбарынхаа өмнөөс талархал илэрхийлье. Вирусний халдвар ямар хурдацтай тархаж байгааг харж байна.

ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Бид шинэ коронавирусний тархалтыг хөлбөмбөгтэй зүйрлэж үзвэл, маш сайн хамгаалалт хэрэгтэй. Нөгөөтээгүүр, бид дайралтыг хангах хэрэгтэй байна" гэж хэлсэн. АНУ-д хэцүү цаг үе тулгарсан ч гэсэн манай улсад тусалж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа АНУ-ын Засгийн газарт илэрхийлье. Бид энэ хандивыг нэн шаардлагатай зүйлд зарцуулах болно.

Манай улс нэгдүгээр сарын 3-наас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүний үр дүнд вирусээс сэргийлж чадсан. Гэхдээ халдвар дэлхийн 194 улсад хил хязгааргүй тархсан байна. Тиймээс манай улсад халдвар тархахгүй гэж хэлж чадахгүй. Тархана гэж бодож бэлэн байдалд ажиллаж, сэргийлэх нь зөв гэж бодож байна. Бид үүнээс урам зориг авч жигүүрлэн цаашид тууштай ажиллана гэдгээ мэдэгдье" гэлээ.