О.Магнай: Иргэдэд 1.2 сая төгрөг өгөх ёстой. Дахиад ч өгөх хэрэгтэй

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай иргэн бүрт нэг сая 242 мянга 721 төгрөг олгох шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болсон тухайгаа мэдээлэл хийлээ. Энэ талаараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараахь тайлбарыг өгсөн юм.


-Бэлэн мөнгө тарааснаар эдийн засгаа дордуулсан жишээ бий. Яагаад заавал бэлэн мөнгө тараах ёстой гэж үзэж байгаа юм бэ?

-Энэ бол онцгой нөхцөл байдлын үе. Энэ байдлаараа цааш явбал 260 мянган хүн ажилгүй болно гэж байна. Энэ хүмүүсийг ажилгүй болтол нь хүлээвэл энэ улсын эдийн засаг тэр чигээрээ тэг зогсолт хийнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх нэг л арга бий. Эдийн засаг руугаа мөнгө хийх. Иргэдээрээ дамжуулан эдийн засаг руугаа мөнгө хийх нь өнөөдөр хамгийн зөв арга. Дэлхийн олон орон энэ аргыг хэрэглэж байна.

-Эдийн засгийн хувьд боломж байгаа юу. Орлого тасарсан үед ийм шаардлага тавих нь боломжгүй юм биш үү?

-Оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого ямар байгааг та бүхэн харсан байх. Гэхдээ төсөвтөө тодотгол хийх хэрэгтэй. Юун төлөө тусгаар улс билээ. Төсөвтөө тодотгол хийсний дараа энэ мөнгийг иргэддээ тараах боломж бүрэн байгаа. Аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгал, татвараа төлж чадахаа байж байна. Ингэж яваад байвал улс орны эдийн засаг тэр чигтээ унана. Нэг уначихвал дахиад босгоно гэдэг 4-5 жилийн ажил. Тэгэхээр үүнийг унагаахгүй байхын тулд эдийн засаг руугаа мөнгөө хийх ёстой. Өнөөдөр эдийн засаг мөнгөөр дутаж байна. Сонгуулиар хүн бүхэнд мөнгө өгнө гэдэг амлалтаас огт өөр асуудал. Энэ бол популизм биш.

-Нэг удаагийн мөнгө тараалтаар асуудал шийдэгдэх үү?

-Ямар ч байсан эхний ээлжид энэ мөнгийг өгье. Царцаад байгаа эдийн засагт нэмэр болно. Дараа дараагийн байдлыг харж байгаад дахиад өгөх хэрэгтэй. Төр үүргээ хүлээгээд ажлаа хий. Ямар төлөвлөгөө байгаа тэрийгээ иргэддээ танилцуул. Энэ байдлаараа дахиад 10 хоновол үйлчилгээний байгууллагын 30 хувь нь дампуурна.