"Бүтээлч гэр"-ийн эзэгтэйн эрүүл, эко ЭСГИЙ ГУТАЛ

Хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Ч.Дөлгөөнийг урьсан юм. Сэтгүүлч, дизайнер мэргэжилтэй бүсгүй халамжит хань, дөрвөн бэрх шиг хөвгүүдийн хамт Дорнод аймагт амьдардаг. Эрчүүдийн талбарт энхийг сахиулж, хатан ухаанаараа хан хорвоог зөөллөж яваа эгэл жирийн ээж. Зулай зулайгаа гишгэж төрсөн үрсээ асарч халамжилж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ эрүүл эко эгдүү хүргэм эсгий бүтээгдэхүүн урлагч “БҮТЭЭЛЧ ГЭР”-ийн эзэгтэйн хариуцлагатай албыг давхар харуицдаг.


Эрт үеэс эдүгээ хүртэл өмсч ирсэн эсгий гутлыг орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулж, хийдэг болсон нь хэрэглэгчдийн сонирхлыг татах болсон. Ингэснээр цагаан алт гэгдэх хониныхоо ноосоор чийг татдаггүй чамин чанартай гутлыг өмсөх хүний тоо олширч, тэр хэрээр үндэсний болон өрхийн үйлдвэрлэл хөгжиж байна. Харсан хүн бүхний сонирхлыг төрүүлэх бүтээл урлагч Ч.Дөлгөөн бяхцан үрдээ бойтог хийснээр эсгий урлал хийх гарааг нээжээ.

“Анх хүүдээ бойтог хийсэн. Хөөрхөн болчихоор нь урамшаад ахад нь гэсээр хөвгүүддээ бүгдэд нь гэрийн углааш хийж байлаа. Бүгдээрээ нэг их удаан өмсөөгүй багадсан. Одоогоос гурван жилийн өмнө “Саяан” брэндийн эгчээс граммаар бага зэрэг ноос аваад маш их баярлаж, догдолж байсан. Гэр рүүгээ яарч хариад царай муутай мэлхий, ягаан үстэй хүүхэлдэй хийж байв. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ноосоор хийж болох төрөл бүрийн зүйлийг хийж, туршиж байна” гэв.

No description available.

Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, бүтээлч байхыг эрхэмлэдэг нь Ч.Дөлгөөний баримталдаг зарчим. Тиймдээ ч өөрийгөө хөгжүүлж, өхөөрдөм үрсдээ эрүүл эко гутал өмсүүлэх зорилт тавьжээ. Санхүүгийн хувьд ч сахилга баттай гэрийн эзэгтэй байхын тулд шаардлагагүй худалдан авалт хийхгүй байхыг илүүд үзэх болсон байна. Дизайнер мэргэжилтэй учраас гэр бүлийнхэндээ хийж болохуйц бүхий л төрлийн хувцсыг урлаж өгдөг байна. “Гэр бүлийнхэндээ зориулаад хэрэгцээтэй хувцсаа оёно. Харин гутал, дотуур хувцсыг  яах аргагүй худалдаж авдаг байсан. Тэгээд л бойтогны туршилт хийсэн. Тэр нь гутал болоод өөрөө өмсч хэдэн сар явж үзсэн. Хажуугаар нь сургалтад сууж, дутагдалтай зүйлсээ засаж сайжруулсан. Хийх тусам арга барилаа олж, туршлагаждаг ч дахин суралцсаар л байна. Цаашдаа дотуур хувцас, хөхний даруулга хийх хүсэлтэй. Хүн ер нь өөрийгөө цаг тутамд хөгжүүлж, суралцах ёстой гэж боддог” гэдгийг тэрбээр онцлов.

No description available.

Гутал хийхэд ажиллагаа их шаарддаг. Ноосоо норгож, зулж тавьж, хатааж, хэвэнд оруулна. Хатааж биежүүлсний дараа уллаж, оёж, чимэглэснээр эсгий гутал бэлэн болж, эзэндээ очдог. Найман цаг орчим тасралтгүй ажилласан ч бүтэлгүйтэх тохиолдол хаа нэг гарна. Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж байж санаа нь амардаг Ч.Дөлгөөн алдаагаа сайжруулсаар өдгөө арга барилаа олж эсгийгээр хийсэн бүтээлээ туурвисаар байна. Үүний зэрэгцээ чихмэл тоглоом, бээлий, энгэрийн зүүлт, аяганы суурь, сувинер зэргээр төрлөө нэмж, малгай олбог хантаазыг туршилтаар хийж эхэлжээ.

Анх 30 мянган төгрөгөөр ноос худалдаж авч анхныхаа бүтээлийг туурвисан бүсгүй амжилтын зам руу алхам алхамаар ойртож явна. Гэрийнхээ жижиг өрөөнөөс ажлынхаа гарааг эхэлсэн тэрбээр өөрийн урлангаа нээх туйлын хүсэлтэй ч эргэлтийн хөрөнгийн асуудал тулгарч байгааг онцолж байлаа. “Одоохондоо брэнд гэж нэрлэж чадахгүй” гэж нэрэлхэн хариулах бүсгүйн урлан гэрийнх нь жижиг өрөө. Өөрөө өөрийгөө хөгжүүлж, санхүүжүүлдэг хоббигоо энд л хөгжүүлдэг. Түүний бүтээл бүрээс шинэлэг содон санаа бүтээлч байдал мэдрэгдэхээс гадна чимэглэл бүртээ сэтгэлээ шингээж ажилладаг нь илт. Тод өнгөтэй өхөөрдөм хөөрхөн гутал дээр хийсэн чимэглэл бүр нь Ч.Дөлгөөний сэтгэхүйгээс ундарсан гэмээр...

No description available.

Дэлхий дахинд гар урлалын бүтээгдэхүүний үнэлгээ өндөр байдаг. Харин Ч.Дөлгөөн хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхол эрэлт, нийлүүлэлтэд үндэслэж үнийн дүнгээ гаргадаг гэнэ. “Чийг татдаггүй, бөөр, хоолой, циститээр өвдөхгүй гутал өмсөөсэй гэж хүсэж байна. Гараад захын лангуунаас 80 мянган төгрөгөөр  гутал аваад нэг хавар өмссөнөөс илүү дээр сонголттой байгаасай. Тиймээс үнийн бодлогоо уян хатан байдлаар гаргадаг. Тансаг чанартай маш өндөр үнэтэй зүйл хэрэглэх боломжгүй  олон хүн байгаа” гэв.

Түүний дийлэнх бүтээл нь захиалгаар хийдэг учир хүн бүхний хүсэл сонирхол, санаанд нийцэх нь олонтаа. Хамгийн гол нь, “Дулаахан чийг татахгүй байна. Өөр гутал өмсөж чадахаа болилоо” гэсэн урмын сайхан үгийг сонсож, урагш урам зоригтой алхаж яваа нь Ч.Дөлгөөний бий болгож, бүтээсэн орон зайн илэрхийлэл мэт.

С.Ичинхорлоо

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

 

No description available.No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.