НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ: Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчилнэ
Тэдэнд ядаж хүүхэд насыг нь үлдээе
Хүн бүр хүүхэд байж үзсэн. Амьдралын энэ замналыг дайрснаас тойрсон нь үгүй. Үүнтэй хэн ч маргахгүй. Хэн нэгэн баатар, ямар ч увьдастан, шидтэн гарч ирээд өөрчлөх боломжгүй зүй тогтол, бас хэмнэл. Гэвч хүүхэд байж үзээгүй, тийм замаар яваагүй юм шиг араншин Монголын улстөрчид, тэр дундаа шийдвэр гаргах төвшний дарга нарын толгойд хууль юм шиг хадагдаад олон аравныг үджээ. Уг нь “Монгол Улс Хүүхдийн төлөө За гэж хэлцгээе” уриатай, дуутай, НҮБ-ын элч дуучинтай. Засгийн газар, нийслэл, орон нутгийн төвшинд эрх ашгийг нь хамгаалдаг агентлаг, газар, хэлтэстэй. Тийм атлаа хүн болгоны сэтгэлд хамгийн гэгээн цагаан, ямар ч өнгө будаггүйгээр үлддэг хүүхэд насных нь дурсамжид хүртэл хоноцын сэтгэлээр ханддаг төрийн тойржиргүй мөртлөө харалган шийдвэрийн уршиг тасарч, татраагүй л байна.
Улс төрийн нам, эвсэл сонгуулийн цикл бүрд Монголын ирээдүй хойч болсон хүүхдийн эрх ашгийг хамгаалах амлалтыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, сонгогчдын дийлэнх олонхийн саналаар Засгийн эрхэнд гарсан нь дөрвөн жилийнхээ зорилгод суулгадаг ч цаасан дээрээ бүдгэрснээс бусдаар бодит хөрсөнд буусан нь цөөн. Бараг үгүй. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд болж өрнөсөн үйл явдал үүнийг хангалттай гэрчилж, харуулна.
“Ковид-19”-ийн цар тахлаас цэрвэж, жигшиж байсан монголчууд тусгаарлалтын хоног нь дуусаад гэртээ амьдрахаар ирсэн дөрвөн настай хүүг, 17 настай эгчийнх нь хамт орцны босго ч давуулалгүй гадуурхаж хөөв. Хайртай бүхнээ халдвараас хамгаалах бусдын эрхийг буруутгаж боломгүй ч эгч, дүү хоёрын араас санаа тавьж, адаглаад эрхийг нь хамгаалах агентлаг, газар руу ярьж, арга хэмжээ авахуулах сэтгэл тэгэхэд дутсан.
Эмнэлгийн тусламж авахаар Сэлэнгэ аймгаас ээжийнхээ хамт ирсэн, 10 настай охин 22-ын товчоонд хоёр цаг гаруй хүлээсний эцэст “Эх нялхас”-д хүргэгдээд нас барав. Шинжилгээний хариу гараагүй гэх шалтгаанаар охиныг өөр өрөөнд оруулах үеэр ээжтэйгээ хамт байхыг хэчнээн гуйсан ч зөвшөөрсөнгүй. Охин энэ хорвоогоос явахдаа ч ээжтэйгээ уулзаж, хамт байж чадсангүй. Ээждээ хэлэх үгээ бяцхан зүрхэндээ тээж, тэвэрсээр одсон охины тухай дахин бичихэд ч сэтгэл зурна.
Тусгай үүргийн онгоцоор хорт хавдраа эмчлүүлэхээр явсан нэгэн бүсгүй эх орондоо буцан ирсний дараа биеийн байдал нь дээрдэхгүй явсаар мөнх бусыг үзүүлэхдээ ганцхан зүйлийг хүссэн нь бяцхан охинтойгоо уулзах байв. Гэвч цар тахалтай холбогдуулж санаачлан хэрэгжүүлж, мөрдсөн дүрэм нь хаалтны хоёр талаас эх, үрийг салах ёс хийлгүүлж байлаа. Эцсийн амьсгалаа хураах хүртлээ тээж төрүүлсэн үрээ тэврээд ч болтугай үнсэх эхийн сэтгэл тэгж л унтарсан юм. Хэзээ нэгэн цагт охин нь том болно. Тэр үед хаалтны цаанаас харсан ээжийнхээ дүр зургийг санах бүрдээ хоолой нь зангирч, сэтгэл нь хөмөрнө. Үндсэндээ бид цар тахал нэрийн дор Хүмүүнлэг Ардчилсан Үндсэн хуулийнхаа эсрэг санаатай, санамсаргүйгээс хүн байх эрхэнд нь шууд халджээ.
Амьдарч байгаа орчинд нь тоглоомын талбай байхгүйгээс томоогүй зандаа хөтлөгдөн хотын нэг захаас нөгөөг зориод эргэж ирэхгүйгээр бүрмөсөн хорвоог орхисон дөрвөн хүүхдийг амьд явах эрхээр нь хангаж чадаагүй асуудал ч үүнд хамаатай. Төрийн байгууллагууд нь өөр хоорондоо уялдаа холбоогүй, харилцан хяналт тавьдаггүй, зөвхөн бичиг цаасны хэмжээнд ажиллаж ирсэн олон жилийн гажиг, идээ бээр нь нэг л өдөр хагарч, дөрвөн хүүхдийн амиар хэмжигдсэн.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцжээ. Улмаар Хүүхдийн паркийн эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох, ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг даргад даалгав. “Найрамдал-2” зусланг 2022 оноос барьж эхлэх, амаржих газруудад бүрэн засвар хийх зэрэг хүүхэд рүү чиглэсэн багц арга хэмжээнд Засгийн газрын төвшинд ач холбогдол өгчээ. Сайн л хэрэг.
Гэхдээ нийслэлчүүд төдийгүй нийт монголчуудын хүүхэд насны дурсамжтай холбоотой Паркийн, “Найрамдал” зуслангийн газраас ямх ямхаар хумсалсаар өнөөдрийн хэмжээнд хүрэх хүртэл Монгол Төрийн нүд, чих хаашаа харж, юу сонсож байсан бэ? Нийтийн өмч байх учиртай тоглоомын талбайг нь ирээдүй хойчоос дур мэдэн хулгайлж, өндөр барилга барихад нь хотын удирдлагууд нь хаана байв? Тоглох эрхээ хасуулсандаа гомдоллоогүй ч томоогүй зандаа хөтлөгдсөн дөрвөн хүүхдийн амь насыг хохироосон хариуцлагыг хэн хүлээх вэ? зэргээр анхнаасаа алдаатай явж ирсэн тогтолцоог ул сууриар нь сугалж, нурааж засч сайжруулах нь чухал биш гэж үү?!
Түүнээс УИХ-ын гишүүд нь хүүхдээр фон хийж, бэлэг тарааж ачирхдаг, тэрийгээ эрхийг нь хангаж байна гэж ойлгодог, Засгийн газар нь гэнэт сэрдэг, тодорхой шийдвэр гаргаснаа зарлах нь жил бүрийн Зургаадугаар сарын 1-ний өдрийн утга учир лав биш. Үндсэн хуульдаа хүн бүр амьд явах, сурч боловсрох эрхтэй гэж заасан нь үнэн л юм бол Улсын хөгжлийн амин судас болсон үр хүүхдэдээ бодитоор анхаарал хандуулъя. Улстөрчид сонгогдох эрхтэй байдаг бол хүүхдүүд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
Бугшиж, үүрлэсэн буруу тогтолцоог халахгүйгээр хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, энх цагийн Монголд ирээдүй хойч маань харамсалтайгаар амиа алдсаар байх болно. Үүнийг ямар ч амттан орлохгүй, гоё сайхан шийдвэрээр далдалж, халхлах боломжгүй. Зургаадугаар сарын-1 буюу Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийнхөө гол утга учир шалтгааныг өөрөөр хардаг болсон цагт Монголын мянга мянган үрсийн ирээдүй илүү баталгаатай аюулгүй болно!
Г.Эрхэс